Saturday, March 4, 2017

ЭНТЕРТАЙНМЕНТ БУЛДРУУГИЙН АРААС БУМБАГАР ОД БОЛОВ

Холын цэнхэр Увс нутгаас анх нэгэн хүү дуучин Э.Төрмандахын ААРХАЛ дууг дуулсан бичлэг цахим ертөнцөөр од болсон нь “Булдруу” буюу А.Өсөх-Ирээдүй билээ. Үзэгч түмэн түүнийг өхөөрдөж “Булдруу” нэр хайрласан. Тэгвэл саяхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээгийн зүгээс өөрийн аялгууг нь зохиож, дуучин О.Гансувдын дуулж амьдруулсан  “Миний ээж хөөрхөн” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохион байгуулсан бөгөөд хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийн Түнэл сумаас оролцсон Ц.Өлзийсайхан хэмээх улаан хацартай хэвлүүхэн охин  Тэргүүн байр эзэлж дууг зохиосон уран бзтээлчдээр өөрийн хүссэн сэдвээр дуу зохиолгох, мөн дуу бичлэгийн “Эгшиг” студид хөгжмийн найруулга хоолой бичлэг үнэ төлөргүй хийлгэх  эрхийн бичгээр шагнагдсан байна.  Түүний дуулсан бичлэгийг  долоохон хоногийн дотор 700  гаруй мянган хүн үзэж цахим ертөнцийг шуугиулж байгаа гэнэ шүү. Үзэгч түмэн ч аль хэдийн Хөвсгөлийн “Бумбагар” охин хэмээн  нэрлээд амжсан байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сурагч авьяаслаг “Бумбагар” охиндоо урлагийн гялалзсан өндөр амжилт хүсье.