Friday, March 31, 2017

Аюултай Улаанбаатар: 15-хан настай охин аймшигт хүчирхийлэлд өртжээ

Бидний амьдарч буй хотод азгүй явдлууд нүүрлэх боллоо гэсэн дүгнэлтийг нэгэн иргэн хийснээ бидэнд илгээсэн юм. Энэ бүхнийг ар араасаа гарч буй аймшигтай гэмт хэргүүд бэлхнээ гэрчилж байна. Уншигч таныг тавгүйтүүлье гэсэн үүднээс энэ сэдвийг хөндсөнгүй. Гагцхүү нийгэмд нүүрлэж байгаа бусармаг зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс дурдаж буй нь энэ.
Золгүй тохиолдлоор тэдэн хүн амиа алдлаа, замын осолд төчнөөн хүн өртлөө, архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо тэдэн зууд хүрлээ, хар тамхи татаж мансуурсан иргэдийг цагдаа баривчиллаа гэсэн гэмт хэргийн мэдээлэл телевизийн дэлгэц, сонины нүүрэнд бууж байна. Тоолж гүйцэмгүй гарах болсон гэмт хэргийн зөвхөн өнгөрсөн долоо хоногт гарсныг тоймлон хүргэж байна.
Улаанбаатарыг “Архичдын хороолол” гэж нэрлэхэд хилсдэхээргүй болчихож. Тавхан хоногт Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд нийтдээ 1014 хүн хоногложээ. Тавхан хоногт мянга гаруй хүн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байна аа гэж бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гараад явчихна. Тэгэхээр жилд хэдэн хүн эрүүлжүүлэгдэхэв.
Бодоод үз дээ. Цөөнгүй оронтой тоо гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүсийн л тоо. Харин үүний цаана архи ууж, ухаанаа алдагсад эрүүлжүүлэгдсэнээсээ ч илүү байх нь ойлгомжтой. Ингээд бодохоор Нийслэл хотод согтуу иргэдийн эзлэх хувь ихээхэн байгаа нь анзаарагдах байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн эдгээр иргэд Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.
АМИНД ХАЛТАЙ ОРЧИН
Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо Нийслэлийн цагдаагийн газарт 34-т хүрч бүртгэгджээ. Энэ бол цагдаагийнханд бүртгэгдсэн тав хоногийн тоо. Өчигдөр Баянхошууны зам дээр гарсан авто ослын улмаас хоёр хүн амь насаа алдаж, өглөө хичээлдээ гарсан оюутан бүсгүй хүндээр бэртжээ. Иймэрхүү хар мэдээ өдөр бүр дуулдана. Орой гэртээ харьж яваад золбин нохойд хазуулах бол наад захын явдал. ШУТИС-иас Багшийн дээдийн автобусны буудал руу бүрий болсон хойно явж байсан иргэн таглаагүй траншейны нүхэнд бүдрэн эгмээ хугалж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд хэвтэрт байгаа аж.
Улаанбаатарт хамгийн их хоцрогдож хойноосоо уршиг дагуулж байгаа нэг зүйл гэвэл хөдөлмөр хамгаалал. үйлдвэр аж ахуйн газар, ажил олгогч нар ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаарахдаа дэндүү хойрго болсноос ажилдаа явсан хүн эргэж ирээгүй олон тохиолдол гарчээ. Иймэрхүү жишээг олныг дурдаж болно. 
ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА
Нийслэлд хүчингийн гэмт хэрэг хүрээгээ тэлж байгааг  албаныхан хэлж байна. Энд бага насны охидыг хүчиндсэн хэрэг ч багтах аж. Бусдад сэрэмжлүүлэг хүргэх үүднээс хэдэн жилийн өмнө гарч байсан нэгэн хэргийг сөхье. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Модны хоёр”-ын автобусны буудлын орчимд 15 настай охины хоолойг нь боож, уруулыг нь хазаж, улмаар хүчиндсэн хэрэг гарсан байх юм.
Дархан-Уул аймгаас ирчихээд Улаанбаатартай танилцангаа ахындаа очих гэж яваад л аймшигт халдлагад С өртсөн гэнэ. Түүнийг БГД-ийн 11 дүгээр хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай эрэгтэй Г гэгч согтуугаар бусадтай бүлэглэн танхайрчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Сүмбэр групп” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн талбайд тус хорооны иргэн гурван настай А-г 13 настай О гэгч хүчиндэхийг завджээ. үүнээс харахад нийслэл хотод нас биед хүрсэн 35 настай залуу, өсөж яваа 13-хан настай хүү хүртэл хүчингийн хэрэг үйлдсэн байх юм. Хүссэн газраараа ч дураараа явж болохгүй болсныг эдгээр хэргүүд сануулж байна. Энэ бүхнээс харахад нийслэлчүүд бид чинь аюул, аймшиг дагуулсан хотод амьдарч байна.
Эх сурвалж: criminal.mn