Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн том тэрэг жолооддог жолооч нар байнга хэл ам гаргаж таталдаг байна. Наад зах нь согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад осолдох зөрчлүүд буурахгүй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байсан удаатай.
Нүүрсний тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас илэрч байгаа зөрчлийн дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргах асуудал ерөөсөө тасрахгүй байна. Мөн хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох, нарийн зам дээр нэгнийгээ гүйцэж түрүүлэх үйлдлээ буруу хийх, батлагдсан биш замаар хулгайгаар тээвэрлэлт хийж яваад осолд орж байна. Дээрээс нь хурд хэтрүүлэх зэрэг шалтгаанаар амь насаа алдаад байна. Мөн түүнчлэн жолооны эрхийн үнэмлэхгүй машин жолоодож нүүрс тээвэрлэж явна.
Одоогийн байдлаар 12 хүн жолооны эрхгүй байж, хүнд даацын машин жолоодож явсныг илрүүлжээ. Түүнчлэн зам тээврийн ослоор амиа алдах хэрэг өмнөх оныг бодвол харьцангуй бага гарсан байна.
Өнгөрсөн 2016 оны эхний гурван сард 6 хүн ослоор нас барж байсан бол өнөөдрийн байдлаар 4 хүн нас баржээ. Тэгвэл Замын цагдаагийн газраас тус аймгийн Цагаанхад орчимд хяналтын пост ажиллуулснаар зам тээврийн осол, гэмт хэрэг тодорхой хувиар буурсан гэж үзэж байна.