Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзэнд 15 жилийн ял оноожээ
“Дундад ази” үүлдрийн нохойнд бага насны хүүхэд хазуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт таван настай хүү эмээгийнхээ гэрээс “бие засаад ирье” хэмээн гараад айлын нохойд бариулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцэж, нохойн эзэн Д.Батсайханд 15 жил зургаан сарын хорих ял оноосон байна. Харин хүүхдийн аминд хүрсэн “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн юм. Гэмт этгээд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан боловч уг хэргийн ялыг хэвээр үлдээсэн талаар эх сурвалж мэдээллээ.