Monday, March 27, 2017

“Хувьсал”-ийн хувийн нууц үзэгчдэд падгүй

Киноны гол дүр Хандмаа (У.Уранчимэг) баян тансаг амьдралтай боловч жаргалгүй нэгэн аж. Харин түүнийг аз жаргалтай болгохоор хаанаас ч юм нэгэн залуу гараад ирэх нь тэр. Залууг Алтангинж (Б.Билгүүн) гэнэ. Тэдний санамсаргүй байдлаар учралдаж буй киноны эхлэл хэсгийн үйл явдал хурц бөгөөд сонирхолтой боловч мөн л тайван амгалан, эрүүл саруул оюун санааг цочроосон бүдүүлэг, увиагүй үзэгдэл юм. Тухайлбал, Алтангинж хэсэг бүлэг залуусаас зугтаж яваад бэлэн хувцасны дэлгүүрийн хувцас солих өрөөнд орж нуугдах үедээ өрөөнд байсан Хандмаад хүч хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл хар амиа хоохойлохын тулд Хандмаагийн амыг таглан хүчирхийлж байна шүү дээ. Энэ үйл явдалд жаахан цаг хугацаа өгч, Алтангинж, муу залуусаас нуугдахад нь туслахыг Хандмаагаас хүн ёсны хувиар гуйж, тэд нуугдаж буйгаар харуулсан бол үзэгчид эерүү, тааламжтай сэтгэл зүйгээр дүрүүдтэйгээ танилцах байлаа. Цаг үе ийм хатуу болоод байгаа юм уу, эсвэл хүмүүс ийм хатуу цэвдэг болчихсон ч юм уу, бүү мэд. Эв зүй, соёлч боловсон зан гэхээсээ хүчирхийлэл түрэмгийлэлийг л илүүд үзэх болсон нь харамсалтай. Алтангинж, алуурчин эсвэл гаж донтон шиг авирласныхаа дараа Хандмаад хандан “Хамтран ажиллахад таатай байлаа” гэж тавлачихаад малгайг нь дээрэмдээд явчихаж байна. Харин сэтгэл мэдрэлийн эмгэг өвчтэй өөрөөр хэлбэл, айж цочирдсон үедээ өөр хүн болчихдог Хандмаагийн ужиг өвчин Алтангинжид хүчирхийлүүлснээсээ болоод сэдэрчихэж байгааг үзэгчид тэр бүр анзаараагүй л болов уу. Уг нь яг энэ үед л Хандмааг солиорох өвчтэй нэгэн гэдгийг үзэгчдэд ойлгуулах хэрэгтэй байсан ч Д.Галбаяр найруулагч хэтэрхий эрт гэж хаширласан нь киног ойлгомжгүй болгож, үзэгчийг нэг хэсэгтээ төөрөлдүүлэв. Харин би уншигчаа төөрөлдүүлэхгүйн тулд учрыг яг одоо тайлбарлая.
Хандмаа хүүхэд байхдаа Алтангинж гэдэг найз хүүтэй байжээ. Алтангинж нь түүнийг Мөнгөнгинж гэнэ. Өсвөр насандаа тэр хоёр бие биедээ дурлалцжээ. Алтангинж, Хандмаад хайр сэтгэлээ илчлэхдээ золгүй байдлаар байшингийн дээврээс цахилгааны утсан дээр унаж харамсалтайгаар нас баржээ. Үүнээс болж цочролд орсон Хандмаа солиорсон үедээ “ Би Мөнгөнгинж байна, Алтангинжээ санаад байна” хэмээн тэс өөр нэгний дүрд хувирчихдаг болсон аж. Хандмааг уг нь Мөнгөнгинж гэдэг байж. Харин ямар нэг шалтгааны улсмаас нэрийг нь Хандмаа болгон өөрчилжээ. Эсвэл анхнаасаа Хандмаа байгаад Алтангинж хүү ганцаар түүнийг Мөнгөнгинж хэмээн дууддаг байсан нь Хандмаагийн сэтгэл зүйд тод үлдсэн агаад солиорох үедээ өөрийгөө тийн нэрлэх болсон хэрэг. Ямартай ч ойлгомжгүй зарим нэг хэсгийг нь өөрийнхөөрөө тааварлан ойлгож байгаа минь энэ.
Дүрүүдийн зорилго
За тэгэхээр одоо бидэнд хэн хэн, юу юу мэдэгдэж байгааг харцгаая л даа. Өгүүлбэртэй бодлого шиг л юм болж байна. Алтангинжүүд, Хандмаа болоод Мөнгөнгинж нар байна. Нэг дэх Алтангинж нь дурлалт охиндоо хайр сэтгэлээ илчилж байх үедээ золгүй байдлаар амиа алдсан. Харин нөгөөх нь бэлэн хувцасны дэлгүүрт түрэмгийлэл үйлдчихээд хэнэг ч үгүй гараад явчихдаг бүдүүлэг залуу шүү дээ. Аа.., Хандмаагийн тухайд бол Түшиг (Ц.Цэрэнболд) гэх бизнесмэн эрийн эхнэр, том болсон хоёр хүүтэй, 40 гаруй насны эмэгтэй. Харин солиоролд автаж Мөнгөнгинж болох үедээ өөрийгөө жаахан охин шигээр төсөөлөн ухамсар ухаангүй үйлдэл хийгч. Түүний нөхөр Түшиг бол эхнэрийнхээ ужиг өвчнийг эмчлүүлэхийг хүсдэг тодорхой зорилготой дүр боловч киноны үйл явдалд идэвхигүй дүр юм. Харин гол дүр Хандмаа нь аз жаргалгүй үлбэгэр дорой нэгэн байснаа солиорох үедээ өөрийнхөөрөө, эрх дураараа нэгэн болдог, өөрөөр хэлбэл галзуу солио өвчнөө эмчлүүлэхийг ч, эмчлүүлэхгүй байхыг ч хүсэхгүй байгаа, (солиорох зорилготой гэвэл хатуудах биз) ер яах гээд байгаа нь тодорхойгүй дүр. Дүрийн зорилго, тэр тусмаа гол дүрийн зорилго тодорхойгүй байна гэдэг кино уран бүтээлийн хувьд солиорол шиг ойлгомжтой зүйл юм. Ийм солиорол дунд төөрөлдөх зуурт бүдүүлэг залуу Алтангинжийн дүр харин илүү ойлгомжтой, тодорхой зорилготой болоод ирэв.
Алтангинж багаасаа Чөдөр хэмээх зандалчны гар хөл байсан бөгөөд өөрийн хайр дуралтайгаа учирснаар Чөдөртэй нийлж бусдыг зандалчлахгүй шударгаар амьдрахыг хүсэх болжээ. Тэгмэгч зандалчин бүлгийн толгойлогч Чөдөр бусдыгаа “урвагч”- ийн эсрэг турхирч, Алтангинжээс их хэмжээний мөнгө нэхнэ. Хэрэв Алтангинж түүний нэхэмжлээд байгаа мөнгийг нь олоод өгчихвөл Чөдөр дахин чөдөрлөхгүй болно. Тэгэхээр Алтангинж мөнгө олж Чөдрөөс салах гэсэн тодорхой нэгэн зорилготой болчихлоо. Чингээд ганц удаа,  их л тааламжгүй байдлаар нүүр учирсан баян айлын эзэгтэй Хандмааг эргүүлж эхэлнэ.
Уналтаас уналт уруу
Хандмаа анхандаа Гинжийг танихгүй байлаа. Танихгүй байгаад нь гайхаад байх ч зүйл алга. Хэн ч нэг уулзсан хүнээ эргээд таних албагүй. Танихгүй байх ч албагүй. Харин хоёр дахь оролдлогоороо Гинж өөрийгөө таниулж дөнгөөд, нэрээ хэлснээрээ Хандмааг дахин солиоруулав. Солиорсон Хандмаа, Мөнгөнгинж болж Атангинжтэйгээ аз жаргалтайгаар зугаацан цэнгэж  дураараа авирлана.
Орчин үеийн кино үнэн байхыг биш үнэмшүүлэхийг илүү чухалчлах болсон. Гэвч үнэмшүүлж дөнгөхгүй хий хоосон хуурай үйл явдлууд бол ой гутаахаас цаашгүй билээ. Галзуу солиотой эмэгтэй, нас хэдийн талийж өгсөн ч өөрийгөө цэл залуухан бүсгүй шигээр бодох, тэгж хувцаслах, түүнд нь залуу хархүү татагдах, үнэн худал нь мэдэхгүй байдлаар дурлах гээд үнэмшилгүй, бүр ч эсрэгээрээ дур гутаах дүр дүрслэлүүд энэ кинонд олон.
Кино урлагийн ерөнхий зүй тогтол бол аливаа дүр эхлээд хөдөлгөөнд орж, дараа нь адал явдалд уриалан дуудуулж, замдаа гарахаас айн түгшиж, эргэлзэж,  тэгээд анхны босгоо давж, зан чанар, бие, сэтгэлийн хувьд өсөн дэвшиж, үзэгчийн хайрыг татаж, сэтгэлийг булааж, айдсаа даван туулж, ялалт байгуулж, өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлээ зөв тодорхойлж, дахин ялалт байгуулж жинхэнэ баатар гэдгээ батлан харуулаад, аялалынхаа төгсгөлд “мөнхийн ус”-тай эргэн ирдэг. Мөнхийн ус гэдэг нь үзэгчдэд эрч хүч, урам зориг өгөх ухаарал, ойллого, сэтгэлийн цэнгэл, хүнийг өөд татах ер юу ч байж болдог.  Үүгээрээ л кино урлаг үзэгчийг байлдан дагуулж, сайн сайхныг нээн харуулж, хүсэл мөрөөдөлтэй болгож, аз жаргал, баяр баясгаланг ахин дахин мэдрүүлж байдаг шидтэй билээ.
Тэгтэл “Миний нууц” киноны гол дүр болох Хандмаа эцэс төгсгөлгүй солиорол дунд уналтаас уналтад үзэгчийг хөтлөх аж. Түүнд хөгжил хөөр, аз жаргал гэж байсангүй. Солиорол дундаа аз жаргалтай байгааг нь эрүүл  ухаанаар харахад баясал төрж, догдлол мэдрэгдэхгүй. Яахав Алтангинж зорилгодоо хүрч, Чөдрийн чөдөрлөсөн өрнөөс чөлөөлөгдөж хайртай бүсгүйтэйгээ амар тайван аз жаргалтай амьдрах үүд хаалга нь нээгдэж байна. Гэвч үзэгчид гол дүрийг л харж, гол дүрээр амьдарна шүү дээ. Гэтэл ямар ч оргил хэсэггүй киноны үйл явдал уналтаас уналт уруу уруудан явсаар эцэс төгсгөлд нь галзуу солио нь даамжирсан Хандмааг барилгын орой дээрээс нисгэчихэж байна. (Хандмаа багын дурлалт хөвгүүн Алтангинжийнхээ гараас атгах гэж урагш алхсан нь тэр) Тэвчүүлж, тэвчүүлчихээд үхүүлдэг нь яаж байгаа юм бол доо л гэж урам хугарах.   Харин Түшиг “Юу ч болж байсан ганцхан чамдаа хайртай гэдэгт минь итгээрэй” гэсэн Хандмаагийн үгийг өегшин бодож буйгаар кино төгсөнө. Түшиг ч яахав ядаж дурсах зүйлтэй хоцорч байна. Харин үзэгчид л өөд нарын бараа харсангүй.
Ер энэ киноны “мөнхийн ус” буюу хүнд хэрэгтэй санаа, авууштай зүйл нь чухам хаанаа байгааг нь хайгаад хайгаад олсонгүй. Эмч, эмнэлгийн ажилтнууд л (мэргэжлийн хүрээнийхэн) мэддэг байж болох “Бие хуваагдах үзэгдэл” хэмээх сэтгэцийн өвчний тухай, түүний хүнд хэцүүгийн тухай үзэгч олны нуруунд үүрүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ? “Энэхүү өвчний анхны тохиолдол нь 1870 онд бүртгэгдсэн. Түүнээс хойш судлан шинжилж хэрхэн эмчлэх арга замыг эрдэмтэд хайсаар л байна” ч гэх шиг.   Энэ тийм чухал сэдэв гэж үү. Эсвэл нийгэм хийгээд гэр бүлийн аз жаргалаас үргэлж хумсалж байдаг гэр бүлээс гадуур харилцаа (нууц амрагийн явдал) бүрийн цаана дээрх “бие хуваагдах үзэгдэл” буюу сэтгэцийн өвчний шинж тэмдэг нуугдаж байдаг юм. Тиймээс магадгүй өөрийг чинь гомдоогоод буй эхнэр, нөхрийнхөө янаг амрагийн явдлыг уучилж өршөөгөөрэй, тэвчих ёстой шүү гэж үзэгчдэд хэлээд байгаа юм уу?  Тэмцэл дунд ч тэвчээр, тэвчээр дотор ч тэмцэл агуулагпан байдгийг кино уран бүтээлчид маань ойлгосонгүй. Ойлгосонгүй ч гэж ер мэддэггүй байж ч болох. Энгийн жишээ хэлэхэд Энэтхэгийн ард түмний эцэг Махатма Ганди хэчнээн эгэл даруухан, тэвчээртэйгээр тэмцэв, гэж.

“Хүний амьдралд тэмцэх биш тэвчих ёстой үе гэж бий” гэл үү? Нээрээ тийм байна. Нэгэнт мөнгөө төлөөд тасалбар авчихсан үзэгчид олхиогүй киног ойлгож ядан  суухдаа хангалттай тэвчдэг юм шүү дээ.  Уг нь Хандмаа урт удаан хугацааны солиорлынхоо эцэст эрүүл саруул болж эмгэг өвчнөө даван туулаад гэр бүл, үр хүүхэддээ жинхэнэ ёсоор бахархалт ээж, түшигт хань болоод эргэн ирж буйгаар кино төгссөн бол үзэгчид сэтгэл гонсгор үлдэхгүй сэн. “Хүлээсэн маань ч талаар өнгөрсөнгүй шүү” гэдэг рекламын үг шиг киноны суурь санаа (logline) ч утга агуулгынхаа хувьд зөв болох байлаа. Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар кино зохиолынхоо ерөнхий зарчмыг ойлгохгүйгээр кино зохиол бичиж, (Урнаа эгчдээ зориулж кино зохиол бичсэн гэж өөрсдөө зурагтаар ярьж байна лээ.) Д.Галбаяр найруулагч суурь санаанаасаа тэс хөндөлөн найруулга хийсэн нь харамсалтай. Гагцхүү гавьяат У.Уранчимэгийн жүжигчний уран чадварт дулдуйдсан шинжтэй ийм кино өнөөгийн кино урлагт хэрэгтэй гэж үү. Ер нь “Хувьсал”-ийн хувийн нууц үзэгчдэд падгүй хэрэг шүү дээ. Эсвэл хошин шогчид хүн инээлгэх гэж өмдөө шувталж эхэлсэн шиг сэдэв нь дуусаад сэтгэцийн өвчин судлаад эхлэв үү?! Ямартай ч юм нэгээр дуусахгүй. “Хувьсал” дахин хувьсахыг үзэгчид хүлээх болно.