Дуулиант хэргүүд
Дөрвөн хүнийг хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг өнгөрсөн оны 2 дугаар сард Өвөрхангай аймагт гарч байв.
Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1970 онд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч нь малчинд Э-ийнд туслах малчнаар ажилладаг байсан аж. Гэвч архидан согтуурсан үедээ малчин Э-г толгойн нь зургаа, цээжинд нь дөрвөн удаа хутгалуулсан байдалтай маш хүнд гэмтээгээд зугтжээ.
Зугтаж явахдаа 34 настай эмэгтэй А гэгчийнд очиж, түүнийг гэрээс нь чирч гарган хүчирхийлэхийг завдсан бөгөөд эсэргүүцэлтэй тулгарахдаа мөн л иргэн А-г хүйтэн мэсний зүйлээр цээжинд нь нэг шархдуулсан байна. Ингээд ч зогссонгүй иргэн А-ийн ээж 57 настай эмэгтэй Ц гэгчийг мөн л хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалаад зугтжээ. Хохирогч А-ийн биеийн байдал маш тааруу, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Гэмт этгээд цааш зугтаж байхдаа 45 настай эмэгтэй С-ийнд очиж, гуя, гаранд нь хүйтэн мэсээр хүнд гэмтэл учруулсан байна.
Ийнхүү дөрвөн хүнийг мэсээр хүнд гэмтээсэн сэжигтэн этгээд морьтой зугтааж, хэрэг болсон газар нутгаас 20-иод км-ын зайтай газар нуугдаж байсныг Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн баривчилж, саатуулжээ. Энэхүү хэргийг үйлдсэн Б гэгч өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн төдийгүй энэ хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байсан рецедив гэмт хэрэгтэн байжээ.
Энэ мэт шоронгоос суллагдаад эргээд гэмт хэрэг үйлддэг этгээдүүд цөөнгүй. Иймээс ял эдлээд гарсан иргэдэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэйг сануулж байна.
Эх сурвалж: Criminal.mn