Monday, March 27, 2017
Талийгаач эмэгтэй үхэлтэй тэмцэлдэн харанхуй орцонд арваад минут орилжээ
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Татварын байцаагч, 31 настай эмэгтэй Э-г 22:00 цагийн үед орцонд амь насыг нь хөнөөсөн байна.
Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр талийгаач бүсгүй биедээ 75 удаа хутгалуулж амиа алдсан нь тогтоогджээ. Талийгаач эмэгтэй III, IV хорооллын 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны наймдугаар давхрын цахилгаан шатны өмнө амиа алдсан аж.
Эл аймшигт аллагын талаар анх цагдаад мэдэгдсэн нэрээ хэлэхээс татгалзсан 60 орчим насны эрэгтэйтэй уулзаж хэрэг явдлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Манайх яг хэрэг гарсан давхарт амьдардаг. Тэр өдөр манай гэрийн хүн бид хоёр зуслангаасаа дөнгөж ирээд байсан юм.
Орой 22:00 цагийн орчим эмэгтэй хүний орилох чимээ сонсогдсон. Бараг 10 гаруй минут орилсон байх. Эхлээд согтуу хүмүүс орилолдоод байна гэж бодоод тоогоогүй. Гэтэл манай хүү гаднаас орж ирээд “манай давхарт хүн амины хэрэг гарчихсан байна” гэсэн.
Тэгээд л цагдаа дуудаж энэ хэргийн талаар мэдээлсэн. Ах нь үүнээс илүү зүйлийг яримааргүй байна. Бид чинь настай хүмүүс болохоор элдэв хэл аманд орохоос цааргалж байна. Тэгээд ч хүүхдүүд маань янз бүрийн хүмүүст битгий юм яриарай гэсэн” гэж хэлээд гэртээ орсон юм.
Хэрэг гарсан орцны найман давхарт гарлаа. Бүүдгэр, харанхуй энэ орцны цахилгаан шатны ойролцоох буланд амиа алдсан эмэгтэйн цусны толбо арилаагүй харагдав.
Энэ давхарын гэрэл асахаасаа асахгүй нь их байдаг хэмээн тус орцны оршин суугчид хэлж байлаа.
Энэ давхарт оршин суудаг Б.Туяа гэгч эмэгтэй гарч ирэн биднээс ямар учиртай хүмүүс болохыг асуулаа. Түүнээс хэргийн талаар тодруулахад “Хэрэг гарах үед би гэртээ байгаагүй. Орой 23:00 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд манай байрны өмнө цагдаагийн машин зогсчихсон, цагдаа нар үзлэг хийж байна гээд дотогш оруулаагүй.
Зарим хүмүүсийн гутлын улны мөрийг шинжилж үзээд байсан. Яг хэрэг гарах үед манай хүүхдүүд л гэртээ байсан. Гэхдээ ямар нэгэн орилох чимээ сонсоогүй гэсэн. Усанд орсон хойгуур л тийм хэрэг гарсан юм байлгүй гэж хэлсэн.
Орцны үүдэнд цугласан хүмүүсийн яриагаар бол хамаг хувцасыг нь тайлаад хаячихсан байсан гэсэн. Би нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна” гэсэн юм.
Харанхуй орцонд үхэлтэй тэмцэлдэн 10 гаруй минут орилох хөөрхий бүсгүй сүүлчийн хүчээ шавхан тусламж гуйсан ч хэн ч түүнд туслаагүй, амийг нь аврахаар гарч ирээгүй гэхээр даанч гомдмоор.
Дөнгөж 30 гаруй насны цэл залуухан бүсгүйг харанхуй орцонд онц хэрцгийгээр хөнөөсөн энэхүү аймшигт хэргийг мөрдөхөөр УМБГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж хэрэг гарснаас хойш 20 цагийн дотор эл хэргийг үйлдсэн байж болзошгүй 39 настай эмэгтэй Т-г баривчлан саатуулсан байна.
Түүнийг өмнө нь талийгаачтай хамт Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажилладаг байсан бөгөөд хардалт, өс хонзонгийн сэдлээр талийгаач бүсгүйг хороосон байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Улмаар түүнийг хүн амины хэрэгт сэжиглэн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулад байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Талийгаач Э нь 31 настай гэр бүлгүй байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст татварын байцаагчаар ажилладаг байжээ. Тэрээр энэ ажилдаа ороод удаагүй ч тус байгууллагын шилдэг ажилтан байсан хэмээн хамт ажиллагсад нь ярьж байлаа.
Labels:
аймшигт мэдээ