Өчигдөр гэртээ харихаар явж байсан 21 настай охиныг нүүр амаа хаасан, портертой залуус хулгайлахыг завджээ. Тодруулбал, өчигдөр 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан 21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуу "Шунхлай" колонкийн наад талын гудамжны булан руу орох үед нь хүчээр машиндаа суулгахыг завдсан хэрэг гарчээ.
Дээрх залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдлан юүдэнгийнхээ бүчийг чангалсан байжээ. Азаар энэ үед ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу сэжигтэй этгээдүүд нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад "Юу болоод байна?" гэж орилсноор охин дундаас нь сугаран гарч эрчээрээ тэднээс зугтаж аврагдсан гэнэ.