Monday, March 27, 2017
Амиа хорлох гэж байгаад бусдын аминд хүрсэн шүхэрчинд нэг жилийн хорих ял оноожээ
Өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийн нутаг 17 дугаар хороонд өөрийнхөө амийг хорлох гэж есөн давхраас үсэрсэн залуу дор явж байсан хүн дээр унаж, аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Амиа хорлохыг завдсан этгээд нь МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн П.Цогжаргал байсан юм.
Тодруулбал, 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түмрийг унтраахаар ОБЕГ-ын 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн, нийт 20 хүн ослоор нас барсан. Харин тэднээс найман хүн амьд үлдсэн.
Тэдний нэг нь болох Онцгой байдлын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч, шүхэрчин П.Цогжаргал онгоцны бэхэлгээний сэнсэнд гараа даруулсны улмаас баруун гараа тайруулж байсан билээ.
Тэрбээр эхнэр, хоёр охины хамт амьдардаг байсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан учраас ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн. Хийж бүтээх залуу халуун насандаа тахир дутуугийн эгнээнд шилжсэн тэрбээр сэтгэл гундуухан үедээ бор дарсыг хэтрүүлэн хэрэглэдэг байсан гэдэг.
Хэрэг гардаг өдөр ч чамгүй хүртсэн байсан бөгөөд ойр дотныхоо найзууд руу залгаж “Эхнэр, хүүхдүүдийг минь эргэж тойрч байгаарай. Би хэнд ч хэрэггүй хүн болчихсон бололтой” гэж хэлсэн байдаг.
Ингээд амиа хорлохоор үсэрч... Гэвч тэр үхсэнгүй.
Харин амьдрах итгэлээ алдаагүй, ажил хийхээр Улаанбаатар хотод ирээд байсан 49 настай Ч-гийн дээрээс унаж, амийг нь хөнөөсөн юм.
Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд боллоо.
Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял шийтгэл ногдуулсан байна.
Түүнийг ялласан зүйл анги буюу 94.1-т " Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж.
Шүүхийн эл шийдвэрт хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд "Хүний амийг санамсаргүй байдлаар ч бай хөнөөчихөөд ийм хөнгөн ял авсныг эсэргүүцэн дараа дараагийн шатны шүүхэд гомдол гарна" гэж байв.
www.mnews.mn
Labels:
аймшигт мэдээ