Monday, March 27, 2017

Б.Нарантуяа: Багадаа 100 айлаар скоч зарж явахдаа биллъярд тоглож үзсэнээс хойш энэ спортод дурласан

Монгол Улсын хэмжээнд “Биллъярдын спорт” сүүлийн үед эрчимтэй хөгжиж эхэлж байгаа билээ. Тус спортын төрлөөр хичээллэх, сонирхох хүүхэд залуусын тоо өдөр ирэх бүр өсч үүнтэй холбоотой тэмцээн уралдаан олширч,  тамирчдын өрсөлдөөн ч тэр хэрээр ширүүсч байгаа. Тэгвэл биллиардын спорттой амьдралаа холбосон хүмүүсийн нэг Монголын номер нэг эмэгтэй тамирчин Б.Нарантуяаг энэ удаагийн "Breakfast time" зочны буландаа урьж  ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе. Түүнтэй ярилцахад биеэ авч яваа байдал нь элдэв маяггүй, энгүүн санагдсаныг нуух юун.
Б.Нарантуяа хаана төрсөн бэ?
- Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 оны 08 сарын 14- ний өдөр төрсөн. Намайг төрөөд хэдхэн хонож байхад манайх Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан.
Таны бага нас хотын хаахна өнгөрөв?
- Би гурав дөрөвдүгээр хороололд өссөн.
Биллиардийн аль төрлөөр хичээллэдэг вэ?
- Монголд пүүл, снукер гэсэн хоёр л төрөл хөгжиж байгаа. Миний хувьд энэ хоёр төрлөөр хоёулангаар нь хичээллэдэг.
Снүүкер болон пүүл биллъярдын ялгаа нь юу вэ?
- Пүүл нь снүүкерийг бодвол арай жижиг ширээтэй хэрнээ том амтай /шаариг ордог нүх/, шаариг нь арай том. Харин снүүкер ширээ томтой хэрнээ шаариг нь жижиг ийм л ялгаатай.
Та алийг нь илүү тоглох дуртай вэ?
- Тэр энэ гэсэн зүйл байхгүй. Гэхдээ арай илүү сонирхолтой нь гэвэл снүүкерийг хэлнэ. Аль их оноо авсан нь ялдаг. Пүүл бол дотроо олон дүрэмтэй байдаг. Арав, ес, найман шааригны дүрэм гэж байдаг. Яг дарааллаараа цохиж байгаад хэн хамгийн сүүлд найман шаариг оруулсан нь ялдаг.

Тооцооллын спорт гэсэн үг байх нь?
- Шатартай л адилхан гэсэн үг. Яаж нүүхэв гэж их боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадхыг харж тоглоно гэдэг шиг л.
Тэмцээнд тоглож байхад сэтгэл зүй их нөлөөлнө биз?
- Их нөлөөлдөг. Тоглож байхдаа сандраад л “одоо яанаа”  гээд байх юм бол шааригаа огт цохиж чадахгүй шүү дээ. Сандрах, айж балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадалгүй бие салганаж эхэлнэ. Тийм учраас сэтгэл санаагаа маш сайн бэлдэх хэрэгтэй.
Б.Нарантуяа амьдрал дээр хэр их тэвчээртэй вэ?
- Би ер нь их тайван хүн. Уурлах зүйл гаралгүй л яахав. Тэвчээрийн тал дээр бол сайн гэж боддог. Нэг их амьдрал үзээд зовсон гэж хэлэхгүй ч гэсэн би тэвчээртэй.
Яагаад энэ спортыг сонгосон бэ?
- Намайг жаахан байхад манай гэр бүл 100 айлд барилгын материалын дэлгүүрийн ард талын хашаанд манаач хийж амьдардаг байсан. Тухайн үед би аав ээжээсээ авсан мөнгөөрөө чихэр, пичень, ундаа аваад зардаг хүүхэд байлаа. Энгэртээ цаасан хайрцаг зүүгээд юмаа зардаг байв. Нүүж очоод удаагүй байсан болохоор 100 айлыг сайн мэдэхгүй, явж байтал нэг биллъярд таарсан. “Хөөх хүмүүс биллиард тоглож байна” гээд л хажуугаар нь өнгөрсөн юм. Хэд хоногийн дараа аав маань найзуудтайгаа тэнд биллъярд тоглох үед надад маш их таалагдав. Тэр цагаас хойш өнөөх биллъярдны газраас салахаа байсан даа. Тэнд л энэ спортыг нэлээн сайн сурсан юм.

Тухайн үед тоглож явахдаа багш, дасгалжуулагчийн нүдэнд өртөж байсан уу?
- Намайг сурч эхэлж байхад буюу 2006 оны үед биллъярдны багш дасгалжуулагч байдаг гэж мэддэггүй байсан. Шааригийг яаж цохих вэ, яаж цохивол онох бол гэдэг ч юм уу нарийн дүрэм журам мэддэггүй байсан. Яг л хар ухаанаараа л сурсан. Надаас багш дасгалжуулагч чинь хэн бэ, хаана ингэж сайн тоглож сурсан бэ гээд л хүмүүс асуудаг. Өөрөөрөө л сурсан учраас би тэр, энэ багш сайн гэж одоо хүртэл хэлж чадахгүй. Бооцоотой тоглоод л тэрэндээ улайрсаар сайжирч ирсэн. 
Хамгийн анхны тэмцээн?
- 2009 онд одоогийн “Шайн” клубээс зохион байгуулсан тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэндээс л тэмцээн уралдаан гэж юу байдаг вэ гэдэг ойлголттой болсноор амжилтын гараа минь эхэлсэн дээ.
Насны ангилал гэж тухайн үед байсан уу?
- Насны ангилал гэж байдаггүй харин эрэгтэй, эмэгтэй л гэж ангилдаг. 2014 оноос хойш өсвөр үеийнхэн гэж нэмэгдсэн.
Монгол Улсын хэмжээнд жилдээ ойролцоогоор хэдэн биллъярдны тэмцээн уралдаан зохиогддог вэ?
- Ер нь 14 хоногт нэг удаа тэмцээн зохион байгуулдаг. Заримдаа долоо хоногт ч нэг тэмцээн явагддаг. Тухайн зохион байгуулж байгаа клубээсээ шалтгаалаад л янз бүр. Харин зуны гурван сард тэмцээн уралдаан зогсчихдог.
Дотоодын хамгийн том тэмцээн болох улсын аваргад хэр их амжилттай оролцож байсан бэ?
- Энэ онд пүүл болон снүүкер биллъярдны 5 удаагийн улсын аварга болсон.
Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?
- Яг оноож хэлэх гэхээр их хэцүү байна. Харин өрсөлдөхөд таатай, гоё тоглодог хүн бол “Shine club”-ийн тамирчин Золоо эгч гэж боддог.

Тус спортод насны ангилал байдаггүй шүү дээ. Тантай таарч байсан хамгийн хөгшин бас залуу өрсөлдөгч хэдэн настай байсан бэ?
- 15- 50 насны хооронд хэлбэлздэг гэж хэлж болно.
Гадаадын тэмцээнд улсаа төлөөлж ямар тэмцээнд оролцож байсан бэ?
- 2013 онд Инчоны Азийн наадамд оролцож “Хүндэт диплом”, 2014 онд “China open” тэмцээнд оролцож шилдэг 32 тоглогчийн нэгээр шалгарсан, “Ногоон ширээний дэлхийн аварга”-т хоёр удаа явж байсан.
Улсын аваргын болзол хангаж байж дэлхийн аваргад оролцох эрхтэй болдог уу?
- Ер нь ямар ч тэмцээн рейтингээс шалтгаалахгүйгээр нээлттэй байдаг. Ямар ч хүн явж болно. Хамгийн гол нь хувиасаа зардал гаргах л хэцүү. Энэ асуудал дээр л манай монгол тамирчид гацаад байгаа юм.
Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр явахад ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай болдог вэ? “Инчоны азийн наадам”-аар төлөөлүүлж хэлбэл?
- Инчоны наадамд 4 сая төгрөг зарцуулсан.
Тухайн үед ямар амжилт үзүүлсэн бэ?
- Анхны олон улсын тэмцээн маань байсан учраас маш их сандарч амжилт үзүүлж чадаагүй. Гэхдээ тус наадмаас Азийн танхимын спортын тэмцээний “Хүндэт диплом” хүртсэн.

Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаараа?
- Чөлөөт цаг, зав гэж одоогоор их хэцүү болчихоод байна. Дээрээс нь ойр зуурын хэрэглээний мөнгө хэрэгтэй учраас аавдаа тусалж ажил хийдэг байсан. Одоо төгсөх курсын оюутан учраас ажил ихтэй л байна даа.
Тамирчин, ажилтан, оюутан гэж байна. Ямар ажил хийдэг вэ?
- Манай аав жолооны багш. Ер нь зуны гурван сардаа аавдаа туслаад хүүхдүүдийг нь жолоонд гаргаж, жолооны хичээл заагаад явчихдаг юм. Аавдаа тусалж эхлэхээс өмнө нэг, хоёрдугаар курстээ таксинд буюу халтуур хийдэг байсан.
Мундаг эмэгтэй байна. Чамайг ийм шаргуу хөдөлмөрч охин гэж бодсонгүй, зөвхөн тамирчин гэдэг утгаар ойлгодог байлаа?
- Энэ бол зүгээр л амьдралын хийх ёстой зүйл шүү дээ. Мэдээж хэрэгтэй шаардлагатай зүйлээ хийх л хэрэгтэй. Зүгээр суугаад байхад хүн мөнгө өгчихгүй. Би нэг биллъярдны аварга болчихсон юм чинь гээд зүгээр суугаад байвал хэцүү. Ойр зуурын мөнгө төгрөг хүнд хэрэгтэй. Тэгээд ч миний аав ээж их чанга хүмүүс.
Ээж аавынхаа талаар яриач?
- Ер нь бол амьдралыг мэддэг байх ёстой гэж боддог хүмүүс гэж хэлж болно.
Айлын хэд дэх хүүхэд вэ?
- Айлын бага. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Гэр бүлийнхээ эрх хүүхэд дээ. Багадаа их эрх өсчихөөд гэнэт бүх ажлыг нуруун дээрээ үүрэх хэцүү л юм билээ.
Цагаан сараар ажил ёстой ундарсан биз?
- Миний өвөө, аав нас барж ажил явдал гарсан учраас манайх шинэлээгүй.
Тийм үү, ёстой уучлаарай. Аавынхаа сайхан зан чанар болон захиасын талаар дурсвал?
- Миний аав хүнийг хэзээ ч нүүрэн дээр нь магтдаггүй хүн байсан. Ер нь хүн хүүхдээ Монголдоо сайн яваад эхлэхээр олон улсад л юм дуулгаасай гэж хүсдэг юм билээ. Аав минь “За би энэ хүүхдийг айхтар эрхлүүлж байгаа. Гэхдээ одоо дэлхийн аварга болчихвол, аваргаа байя гэхэд нэг медаль чирээд ирэх юм бол би энэ хүүхдээр юу ч хийлгэхгүй, дураар нь дургиулна” гэж ярьдаг байсан. Гэхдээ нүүрэн дээр минь хэлэхгүй. Би долоо хоногт нэг медаль аваад ирэхээр тоож байгаа ч юм байхгүй сууж л байдаг. Харин гаднаас хүмүүс ороод ирвэл “Манай хүүхэд ийм мундаг, энийг хар даа” гээд л гайхуулж өгдөг байлаа. Хажууд магтаж сайшаадаггүйн учир нь их зантай болчихно л гэж боддог байсан биз дээ. Саяхан алдчихсан болохоор жаахан сонин мэдрэмж төрж байна. Ер нь хэцүү л байна.

Ээжийнхээ талаар яривал?
- Миний ээж хилийн цэргийн оёдлын үйлдвэрт ажилладаг. Одоогоор би аавынхаа ажлыг хийгээд л явж байна. Ээжтэйгээ хамт амьдарч байгаа.
Таны мэргэжлийн тухайд ярилцъя. Яагаад санхүүгийн мэргэжлийг сонгосон бэ?
- Мэргэжил их сонин /инээв/. Би өөрөө дурлаж, сонирхож ороогүй. Ер нь санаандгүй л сонгосон гэж хэлж болно. ЕБС төгсөж байхдаа Хууль сахиулахын их сургуульд орох хүсэлтэй байсан боловч эмэгтэй хүүхэд элсүүлдэггүй жил таарсан юм. Тэгээд Отгонтэнгэр их сургуулийн санхүүгийн ангид элсэн орсон.
Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?
- Саяхан 03 сарын 10-нд “Ногоон ширээний дэлхийн аварга” Шанхайд болсон. Тэр тэмцээнд оролцох байсан боловч чадаагүй. Одоо Монголд болох улсын хэмжээний тэмцээндээ оролцох, их сургуулиа амжилттай төгсөх гэсэн төлөвлөгөөтэй байна даа.  Энэ ажлуудыг амжуулчих юм бол цаашдаа их зүйл хийнээ.
Ярилцсанд баярлалаа. Танд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан бөмбөрцгийн тамирчин болохыг хүсэн ерөөе!

Танай хамт олонд ч бас баярлалаа. Ерөөл бат оршиг.