Thursday, March 30, 2017
Талийгаачийг хүчиндэж хөнөөчихөөд хогоор булж, хувцсыг нь шатаажээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөний орчимд 19 настай Э охиныг хүчирхийлж, онц харгис аргаар хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын бүлэглэн үйлдсэн эл хэргийг нэхэн сурвалжлахаар хэргийн газрыг зорьсон юм.
Биднийг 11 дүгээр хорооны цагдаагийн байцаагчтай нь уулзахаар хороон дээр очвол цадаагийн хэсгийн дарга нь амарч байгаа аж. Харин үлдсэн ганц цагдаа нь Хонхор орчмоор эргүүлд гараад явчихжээ. Оршин суугчдаас тодруулж, хэргийн газрыг заалгавал төмөр замын гармын цаана Цагаан толгой гэх овоо босгосон толгодын ёроолд гэмт этгээдүүд жигшүүрт хэргээ үйлдсэн гэнэ. Хэргийн газарт хүрвэл гармын цаадах жалганд цагдаа нарынх гэмээр дүүрэн мөр байлаа. Энэ том жалганы цаад буланд хэрэг үйлдэгдсэн бололтой. Тэр хэсэгт цасан дээр гал түлсэн мөр тодоос тод үлджээ. Хэрэгтнүүд энд охиныг нүцгэлж, хувцсыг нь бөөгнүүлэн шатаасан байна. Жалга айлуудаас нэлээд зайтай учир яаж ч хашгирч орилоод дуулдахааргүй юм билээ.
Оршин суугчдын ярьж байгаагаар талийгаач Э-гийн цогцсыг сургуулийн хүүхдүүд эхэлж харжээ. Амралтынхаа өдөр Цагаан толгой гэх толгодоос чаргаар гулгахаар төмөр замын гарам гарсан бага насны хүүхдүүд 17 цагийн үед цогцсыг харж, аавдаа хэлсэн байна. Улмаар аав нь хорооныхоо цагдаад мэдэгджээ.
Хэрэгтнүүд талийгаачийг хүчирхийлж хөнөөгөөд, дараа нь нүцгэлж, өмсөж явсан хувцаснуудыг нь шатаажээ. Ингээд хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд цогцсыг нь цасан дор булсан байж. Харин маргааш өглөө нь талийгаачийн биений цээжин хэсэг нь ил гарсан байхыг хүүхдүүд харсан юм байна.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ, ЭЦГ-ын ажилтнууд шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд Налайх дүүргийн долоодугаар хороонд оршин суух, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн оюутан 17 настай С, 20 настай Б нарыг сэжиглэн саатуулжээ.
Талийгаач Э-гийн хувьд С, Б нартай нэг сургуульд сурдаг юм байна. Хэрэг гардаг өдөр сэжигтэн С, Б нар Э-г Хонхорт байдаг гэртээ хамт очъё хэмээн дагуулж явсан гэнэ. Маргааш нь амралтын өдөр байсан болоод ч тэр үү хохирогч нэг их дургүйцээгүй аж. Гэвч хэрэгтнүүд охиныг Хонхорт дагуулан ирж, улмаар охиныг бүлэглэн хү-чиндэж хөнөөжээ. Тэд эд мөрийн баримтаа устгахын тулд цогцсыг цасаар булж, охины өмсөж явсан хувцсыг шатааж орхиод хэргийн газраас зугтсан гэнэ.
Ингээд бид Налайх дүүрэгт байрлах талийгаачийн гэрийг зорьсон юм. Э-гийнх тус дүүргийн хоёрдугаар хороо, ... гудамжны ... тоотод амьдардаг аж. Гэрийнх нь гадна ирвэл буяны ажилд нь бэлтгэж байгаа бололтой хамаатан саднууд нь бужигнаж байв. Хашаанд нь гурван ч гэр байлаа.
Хүн дуудвал урд талын гэрээс бөөн хүмүүс гарч ирэх нь тэр. Бүгд л айж цэрвэсэн байдалтай харна. Хаанаас ямар ажлаар явж байгаагаа хэлж, учир байдлаа тайлбарлахыг хичээв. Мэдээж хайртай охиноо аймшигтай байдлаар алдсан хүмүүс үл таних хүмүүсийг яаж хүлээж авах нь ойлгомжтой. Иймээс ч тэд бидэнтэй уулзахыг хүссэнгүй.
Талийгаачийн ээж Б-гийн хэлж байгаагаар биднийг охиныг нь хөнөөсөн талын хүмүүс явж байна гэж ойлгожээ. Тэрбээр “Охиныг минь тийм аймшигтай хөнөөчихөөд одоо дахиад энүүгээр эргэлдэж байгаа юм байх л гэж бодлоо. Үнэхээр тэгж байж магадгүй. Надад хэцүү байна. Гэхдээ би өөр зүйл ярихгүй. Энэ хэргийг шүүх цагдаа нь шалгаж тогтоох байлгүй дээ” гэсээр гэртээ орсон юм.
Талийгаачийг ирэх баасан гарагт нутаглуулна. Эднийх ам бүл дөрвүүлээ. Э айлын том охин байжээ. Талийгаачийн аав Налайхын уурхайн гүнээс нүүрс олборлож, амьдрал ахуйгаа залгуулдаг бол ээж нь гэр зуурхан л байдаг аж. Харин Э-гийн ганц охин дүү нь энэ жил нэгдүгээр курсийн оюутан болжээ. Амьдралын боломж муугаас аав ээж нь Э-гийн дүүг сургуулиас нь нэг жилийн чөлөө авахуулсан байна. Харин Э-г боломж бололцоогоороо сургаж, мэргэжилтэй болгохоор дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оруулжээ.
Мэргэжил сургалтын төвд ес, 11 дүгээр ангиа төгсөж буй хүүхдүүд ирж, 1-3.5 жилийн хугацаанд суралцдаг аж. Э охин ч энэ хүүхдүүдийн нэгэн адил есдүгээр ангиа төгсөөд энд ирж суралцаж байжээ.
Гэвч удахгүй төгсөж амьдралтайгаа хөл залгуулна хэмээн итгэж найдаж байсан том охин нь ийм аймшигтайгаар бусдын гарт амь насаа алдана гэж хөөрхий эцэг эх яахан санах вэ.
Охиных нь сурдаг байсан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эднийхээс холгүй юм билээ. Бид ч сургуулийн захиралтай нь уулзах санаатай очлоо. Хоёр давхарт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Барамсай гэгчийн өрөөнд орвол туслах нь “Н.Барамсай захирал өрөөндөө алга. Сургууль дотроо яваа” гэв. Дугаарыг нь авч Н.Барамсай захиралтай холбогдоход эхэндээ “Би гадуур явж байна. Мөд очихгүй. Та нар хүлээгээд хэрэггүй” гэлээ. “Таныг дөнгөж сая өрөөнөөсөө гарсан, сургууль дотор яваа гэж туслах чинь хэлсэн шүү дээ” гэтэл “Байхгүй байна гэж хэл” гэсээр утсаа тасалчихав.
Н.Барамсай захирал ингээд мэдээлэл өгсөнгүй. Мэдээж сургуулийнх нь оюутнуудын холбогдсон хэрэгт Н.Барамсай захирал хамаагүй л дээ. Гэвч оюутнууд нь хүний санаанд багтамгүй ийм аймшигтай хэрэг үйлдчихээд байхад юу ч болоогүй юм шиг хээв нэг алхаж явна.
Ямартай ч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөнд гарсан аймшигт аллагын хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг цагдаа нар шалгаж байна. Гэмт хэрэгтнүүд хоёулаа байсан эсвэл түүнээс олуулаа байсан эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.
"Өглөөний сонин"
Labels:
ноцтой мэдээ