Friday, March 24, 2017
Сэрэмжлүүлэг: Онц хэрцгий гэмт хэрэгтнүүд Өмнөговь аймагт дарааллан гэмт хэрэг үйлджээ
Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан, дээрэм булаалтын хэргүүд дараалан гарсан байна. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ.
Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Дээрх аймшигт хэрэг үйлдэгдсэнээс гурав хоногийн дараа аймгийн төвд байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ.
Коллежийн оюутан охиныг олсон даруйд эмнэлэгт хүргэсэн гэх ба эмчийн үзлэгээр охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэн халдсан онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид отолт хийн баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх гэмт хэргүүдийг гурав ба түүнээс дээш хүн үйлджээ. Цагдаа нар тэдний хоёрыг баривчилсан учир нэг ба түүнээс дээш сэжигтэн гадуур эрх чөлөөтэй явж байж болзошгүй аж.
Энэхүү хэргийн талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Энэ хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг эцэслэн шийдсэн ч зарим төрлийн хүнд гэмт хэргүүдийг нууц байлгах хэрэгтэй байдаг. Учир нь нийгмийн сэтгэлзүйд нөлөөлдөг. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдал, амь бие, нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээлэл хаалттай” гэсэн тайлбар хэлсэн юм.
Хохирогч нарын тухайд хоёр ба түүнээс дээш хэмээн үзэж байгаа ба дахин хохирогч нэмэхгүй байх үүднээс иргэдэд сэрэмжлүүлэг тараажээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: Criminal.mn
Labels:
аймшигт мэдээ