Saturday, March 25, 2017
НЯРАЙД ХАГАЛГАА ХИЙЖ, ЗУРГААН ШИРХЭГ ЗҮҮ ГАРГАН АВЧЭЭ
2017.01.21: Баянхонгор аймагт өөрийн төрсөн хүүхэд болох ес хоногтой нярай хүүхдийг зүүгээр биеийн бүх хэсэг рүү нь шивж санаатайгаар алахыг завдаж, хүнд гэмтээсэн ноцтой хэрэг энэ сарын 12-нд гарч олныг цочирдуулав. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд энэ сарын 12-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгээс цагдаагийн байгууллагад цээжин тус газраа тав тогтсон хүнд шархтай, төрөөд удаагүй ес хоногтой нярай хүүхэд байна гэх дуудлага ирсэн байна.
Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагч нар хэргийн газарт очиж шалгалт хийжээ. Гэтэл 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц нь өөрийн төрүүлсэн 1.8 кг жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр бүх бие рүү нь, тухайлбал цээжин тус газарт нь олон удаа шивж, хүнд гэмтэл учруулжээ. Тухайн нярай төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар инкубаторт эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна.
Эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ. Баянхонгор аймгийн эмнэлгээс тухайн нярайд рентген үзлэг хийж, яаралтай ЭХЭМҮТ-д шилжүүлэн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн онош гаргажээ. Одоогийн байдлаар хүнд гэмтэлтэй нярай ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүүг эхний хагалгаагаар гарган авсан байна.
Labels:
аймшигт мэдээ