Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Х гэх долоон настай хүү айлаас суудлын машин хулгайлж зугтсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарчээ. Хөвсгөл далай ид хөлдөж, мөс нэлээд зузаарсан үед нутгийн иргэд дээгүүр нь зорчиж, зам товчилдог. Х гэх хоёрдугаар ангийн жаал Ханх сумаас машин унан өдөржин яваад Хатгал суманд ирсэн юм байна.
Хоёр сум хоорондоо далай дээгүүр давхихад 130 км орчим зайтай. Энэ хооронд машинаа алдсан иргэн цагдаад гомдол гаргаж, хүүгийн аав ээж нь ч цагдаад хандаж эрэл сурал болжээ. Оройхон хэрд Х хүү Хатгал сумын нутагт айлын хашаа мөргөж зогссоноор энэ хэрэг илэрчээ. Хүү насанд хүрээгүй тул цагдаагийн байгууллагаас хүүгийн эцэг, эхэд торгууль ногдуулж айлын хохирлыг барагдуулсан байна. Х хүүгийн аав нь хол замд явахдаа хүүдээ машин барихыг зааж өгдөг байснаа хэлсэн байна. Хэрвээ хулгайлагдсан машинд бензин хангалттай байгаагүй, эвдрэл гэмтэл гарч зогссон бол эрлийн баг хүүг олохоос өмнө амь нас, эрүүл мэндээр хохирох эрсдэлтэй байв.