Saturday, March 25, 2017
Оюутны байранд гарсан онц ноцтой хэргийн мөрөөр
-ХАМТРАН АМЬДРАГЧАА ХАРГИС ХЭРЦГИЙ АРГААР ХӨНӨӨСӨН Т-Д
20 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ-
Таван сарын өмнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны тавдугаар дотуур байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Хамтран амьдрагч бүсгүйгээ өөр нэгэнтэй уулздаг болсныг мэдсэн залуу энэ хэргийг үйлдсэн байдаг.
Хэргийг тодруулбал, энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн харъяат, нэгэн компанид менежер ажилтай Т гэгч тус оюутны байранд хамтран амьдрагч Б-гийн биед олон тооны гэмтэл учруулан, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Хэрэг болсон өдрийн өглөөний 09:25 цагийн үед оюутны дотуур байрны нэг давхарт, жижүүрийн өрөөний урд талын шалан дээр талийгаач хоолой дээрээ алчуур тавьсан, алчуур нь цус нэвтэрсэн байдалтай хэвтэж байжээ. Хажуугаар нь өнгөрсөн нэгэн 102, 103 дуудаж, бүсгүйд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амьсгал хураасан аж.
Мөрдөн байцаалтын шатанд, болсон явдлын талаар оюутны байрны жижүүр хэлэхдээ, 2016 оны тавдугаар сарын 14-ний өдөр 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл МУИС-ийн 5 дугаар дотуур байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Ээлж хүлээлцэх үед хааяа Б-гийнд ирдэг байсан залуу орж ирсэн. Нүүр, гараа угаачихаад гаръя” гэхээр нь Б-гийн өрөөний түлхүүрийг өгөөд, дагуулан орсон. “Нүүр, гараа угаагаад бууя” гэхээр нь түлхүүр цоожийг ширээн дээр тавиад гарсан. Тун удалгүй Б гаднаас орж ирсэн. 5-10 минутын дараа тэр охин цус нөжтэй болоод, шатаар бууж ирэн, жижүүрийн үүдэнд уначихсан.
Өрөөнд нь ороход хаалга нь онгорхой, нөгөө залуу орон дээр зүрхэн талдаа өөрийгөө хутгалсан байдалтай хэвтэж байсан. Би өөрийгөө хутгалсан, би амьд явж чадахгүй гэсэн. Түргэн болон цагдаа дуудсан. Доошоо буухад тэр охин ёо ёо гэж дуугараад, үнэхээр айгаад харж чадаагүй. Намайг өрөөнд нь ороход газарт л нэг дунд зэргийн модон бариултай цус болсон хутга байсан...” гэж мэдүүлжээ.
Талийгаач Б нь хоёр жилийн өмнө Т-тэй танилцаж хүүтэй болсон нь аав, ээж дээр нь байдаг. Хонхны баяр нь удахгүй болох тул аав, ээж нь хүүтэй нь хамт ирэхээр төлөвлөж байсан үед энэ аймшигт хэрэг гарчээ. Хамгийн сүүлд талийгаач бүсгүй нэгэн найздаа Т хайр халамж тавьдаггүй, түүнтэй амьдрахаа болихоор шийдсэн, Б гэх залуутай уулздаг болсноо ярьсан байна.
Хэрэгтэн Т мэдүүлэхдээ, Б-тэй муудалцаад, эсгүүрийн ширээн дээр байсан хутгыг авч, Б-тэй чинь гарч алалцана гээд, айлгах санаатай хүзүүн тус газраа бариад, бид хоёрын аль аль нь үхсэн ч чамд харамсаад байх зүйл байхгүй юм байна. Чиний нүдэн дээр үхье гэхэд намайг болио хайраа гэсэн. Хаалга онгойсон байхаар нь хаалгаа хаагаад эргээд харахад талийгаач өөрийнхөө хүзүү рүү дүрж байсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд өөрийнхөө цээжнээс хутга сугалж байсан” гэж мэдүүлжээ.
Талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу “Нас барахад хүргэсэн үндсэн гэмтэл төвөнхийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас цус алдаж, амьсгалын зам цусаар бөглөрснөөс болсон” гэж гарсан байна.
Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Т-д холбогдох хэргийг нээлттэй хэлэлцэж, түүнд онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оноож, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.
Labels:
аймшигт мэдээ