Хар дарж зүүдлэм энэ аймшигт явдал хэдэн жилийн өмнө болжээ. Чухам ямар гээчийн аймшигт явдал болсныг дор өгүүлсү.
Хувиараа бизнес эрхэлдэг Цэнгүүн гэх эмэгтэйн нөхөр нийслэлийн нэгэн гэр хороололд хоёр давхар сайхан байшин барьж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Нөхрөөсөө хойш Цэнгүүн хүүхэн үнэ мөнгө хайрлалгүй хүмүүсийг хөлсөлж байгаад байшингаа барьж дуусгаад энэ том байшиндаа ганцаараа амьдрах болов. Найз нөхөд, амьтан ах дүүс нь “Чи ийм том ханхай байшинд ганцаараа амьдрахаасаа айхгүй байна уу?” гэхэд “Юунаас нь айдаг юм. Нөхөр маань надад хань болдог” гэж тоглоом шоглоомын хооронд жуумагнан хэлсэн нь зарим хүнд тун сэжигтэй санагджээ. Аль хэдийн нас барж, цогцос нь шороонд булагдсан нөхөр нь яахаараа түүнд хань болон амьдардаг билээ, арай нөхрийнхөө сүнстэй хамт амьдардаг юм биш биз хэмээн жиг жуг хийлдсэн байна. Ямартаа ч Цэнгүүн хүүхэн хэд хэдэн хүнд ийм хариулт өгсөн байгаа юм. Зарим нь түүнийг тоглоом шоглоом хийж байна гэж бодоод өнгөрчээ.
Нэгэн өдөр Цэнгүүнийг гэртээ ганцаараа байж байтал найз хүүхэн Туяа нь утсаар ярилаа.
- Найз нь хоёр аятайхан залуу дагуулаад танайд очъё. Чи Ганаа гэдэг залуутай нь танилцаарай. Бизнес хийдэг, мөнгө төгрөгтэй залуу байгаа юм. Чамд бол яг тохирно. Чи минь алийн болгон ганцаараа яавхав дээ? Чи зөвшөөрч байна уу? Одоо чи гэртээ ганцаараа байгаа биз дээ. Өнөө шөнө танайд наргиж хонож болно биз дээ?
- За яахав, та нар хүрээд ир л дээ. Тэр Ганааг чинь харан байж болъё. Тэр залуу чинь надад таалагдахгүй бол би нүүр өгөхгүй шүү.
- Таалагдана гэдэгт итгэж байна. Та тааллаараа л бол.
Хоёр найз хүүхэн ийнхүү ярилцсаны дараа цагийн дараа гэхэд Туяа нь Ганаа, Цогоо гэдэг наймаа хийдэг хоёр залууг дагуулан Цэнгүүнийд очсон байна. Тэд баахан идэж уух юм авчирчээ. Цэнгүүнтэй учрах ёстой Ганаа түүнд таалагджээ. Туяа нь Цогоотой учир ургуулан шөнөжин цэнгэх юм байх. Залуусын наргиан наадам, инээд хөөр эхэллээ. Тэд наргисаар суутал шөнө дунд болов. Хос хосоороо уянгын хөгжимд найган бүжлээ. Бүгд нэлээд халамцан согтжээ. Хосууд хэн хэнээ хүсэмжлэн тэмүүлж байгаа нь илт. Цэнгүүн хүүхний нүд талимаарч Ганаагийн мөрийг түшин бүжиж байснаа гэнэт ямар нэгэн юмнаас цочих мэт давхийж, биеэ хөндийлөн бүжнэ. Үүнд Ганаа баахан гайхаж,
- Чи юунаас цочив гэхэд,
- Зүгээр ээ, талийгаач нөхрөөсөө хойш эрчүүдтэй ингэж наргиж байгаагүй болохоор баахан бие эвгүйцэж цочирдоод байна гэж хүүхэн хариулав. Тэгсэн хэрнээ Цэнгүүний нүд байсхийгээд ийш тийш сэртэлзэж, ямар нэг юмнаас айгаад байх шиг харагдана. Ганаа “Энэ хүүхэн чинь өөрийнхөө гэрт байж юунаас ингэтлээ болгоомжлоод байгаа юм. Би түүний дургүйг хүргээгүй л баймаарсан” гэж бодон бүжиж байлаа.
Залуус бүжиж дуусаад ширээний ард суун дахин хундага дүүргэв. Туяа хүүхэн нэгэн кресло дээр суун янжуур татаж, пиво шимэн ууж, аальгүйтэн тас тас хөхөрнө. Гэтэл тун хачирхалтай юм боллоо. Кресло дээр сууж байсан Туяаг нэгэн үл үзэгдэгч амьтан ноцон ноолж, хоолой амыг нь шахан боож хувцас хунараас татаж чангаах нь нөгөө гурвын нүдэнд харагдав. Тэгсэн атлаа Туяатай ийн ноцолдох хүн ч юм уу, юу ч юм ямар нэгэн амьтан тэдний нүдэнд огт харагдсангүй. Туяа “Амь авраач. Энэ хүн намайг алах гээд байна шүү дээ. Надаас хурдан салгаад өгөөч” гэж муухай орилоод уйлж гарав. Үл үзэгдэгч Туяагийн толгой нүүрийг алгадаж бас цохиод байгаа бололтой толгой нь хоёр тийшээ савчиж, үс гэзэг нь сэгсийнэ. Ийм хачирхалтай явдал хэдэн хором үргэлжлээд гэнэт зогссоныг бодоход үл үзэгдэгч амьтан Туяаг түр орхисон бололтой.
Ганаа, Цогоо хоёр энэ явдлыг бүр алмайран гайхаж “Энэ Туяа чинь согтоод солиорч байна уу” гэж бодож суусан байна. Бүр Ганаа Туяа дээр очиж, биеэс нь сэгсрээд “Чи чинь яаж байна аа. Согтчихоод солиороод байгаа юм уу” гэхэд Ганаагийн гарт Туяатай ноцолдогч тэр үл үзэгдэгч амьтаны бие хаа гэхээр юм юу ч мэдрэгдээгүй байна. Харин болж буй энэ явдлыг Цэнгүүн хүүхэн нэг л хүйтэн хөндий нүдээр юу ч болоогүй юм шиг хараад сууж байсан нь тун хачирхалтай. Цэнгүүн Туяа дээр очиж аргадан тайвшруулахыг ч бодсонгүй. Айж сандарсан Ганаа, Цогоо хоёрын уусан архи нэлээд доошлон гарсан байв. Туяа баахан цурхиртал уйлж “Намайг сая нэг хүн алах гээд байсан. Миний хоолой багалзуурыг шахсан. Тэр хүн их аймаар дүр төрхтэй байсан. Та нар тэр хүнийг хараагүй юм уу? Миний нүдэнд нэг харагдаад, нэг харагдахгүй байсан” гэхэд Ганаа, Цогоо хоёр “Бидэнд хэн ч харагдаагүй” гэжээ. Туяа жаахан тайвшраад “Би гарч бие засмаар байна. Ганаа хоёулаа хамт гаръя” гэхэд Ганаа хамт гарлаа. Гадаа тэргэл сартай саруулхан шөнө байлаа.
Урд өдрийн орсон цас хашаагаар дүүрэн сэвсийнэ. Туяа жорлонд бие засч, Ганаа хашааны буланд сарьж байтал дахиад л Туяа “Өнөө хүн намайг аллаа, авраач, салгаач” гэж орилоод явчихлаа. Ганаа гайхаад эргэж харвал нөгөө үл үзэгдэгч Туяагийн гэзэг үснээс зулгаагаад байшингийн үүд хүртэл цасан дээгүүр чирч байх нь сарны гэрэлд тодоос тод харагдаж байлаа. Туяаг чирч байгаа хүн нь огт харагдсангүй. Туяа муухай орилон хоёр хөлөө савчуулан чирэгдэнэ. Сүнсээ зайлтал айсан Ганаагийн архи бүрмөсөн гарч, цоо эрүүл болжээ. Байшингийн үүдэнд цасан дээр уйлан хэвтэх Туяаг Ганаа өргөж босгоод дотогш оруулав. Тэгээд хашааны дотор болсон эл хачирхалтай хийгээд аймшигтай явдлын тухай Цогоо, Цэнгүүн хоёрт яриад “Гурвуулаа эндээс үтэр түргэн явъя. Энэ байшинд чинь сүнс чөтгөр, шулам бэрд шүгэлсэн юм шиг байна. Цэнгүүн ээ, чи бидэнтэй хамт явах уу?” гэхэд Цэнгүүн “Би гэрээсээ явахгүй” гэж түс тас хэлсэн байна.
Ингээд Цэнгүүн аймшигт хэрэг явдал болсон хашаа байшиндаа ганцаараа үлдэж, нөгөө гурав нь ум хумгүй такси хөлөглөн алга болжээ. Энэ явдлаас хойш Туяа аймшигт явдлыг олон удаа хар даран зүүдэлж, ухаан санаа нь солиорох шахаж, бие хаа нь олон сараар өвдөн шаналж, эмнэлэгт баахан хэвтсэн байна. Арга засал хийлгэж лам хараар ч их явжээ.
Энэ бүхэн ач тусаа өгсөн бололтой Туяагийн бие өдгөө илааршин сайжраад байгаа ажээ. Харин дээрх аймшигтай хийгээд хачирхалтай явдлыг Цэнгүүнийд очин наргисан өнөөх гурав,
- Тэр үл үзэгдэгч бол Цэнгүүний нөхрийн сүнс байх. Туяагийн нүдэнд аймаар дүртэй харагдсаныг бодоход талийгаачийн сүнс чөтгөр болон ирсэн байж магадгүй. Эхнэрийг нь уруу татаж, өөр эрийн өвөрт хийх гэж байгааг мэдээд энэ бүх наргианыг зохион байгуулсан Туяаг тэр шөнө тэгж шийтгэлээ. Тэгээд ч тэр шөнө Цэнгүүн нэг л хачин байсан. Мань хүүхэн том ханхай байшиндаа нөхрийнхөө сүнстэй хамт амьдардаг гэж ярьдаг нь үнэн байх. Туяаг бидний нүдэн дээр хоёр ч удаа ингэж “залхаан шийтгэсэн” тэр үл үзэгдэгч амьтан юу байв аа? Цэнгүүний нөхрийн сүнс байв уу, буг чөтгөр байв уу гэж өнөөг хүртэл гайхан ярьсаар байгаа ажээ. Үнэхээр Туяа хүүхнийг гурвын гурван хүний нүдэн дээр “залхаан шийтгэсэн” тэр үл үзэгдэгч юу байсан юм бол?!! Эх сурвалж www.wikimon.mn