Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ сарын 22-нд буюу даваа гаригт гэнэтийн шалгалт хийж, бусдад биеэ үнэлдэг 12 эмэгтэйг саатуулсан байна. Саатуулагдсан эмэгтэйчүүд 20-35 насныхан бөгөөд БНСУ-ын найман иргэнд биеэ үнэлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг орон байраар хангаж, гадаадын иргэдэд зуучилж байсан иргэн нь Н.Ундрах гэгч 31 настай эмэгтэй болохыг цагдаагийнхан тогтоосон аж. Тэрээр дээрх шалгалтын үеэр "Би охидыг худалдаагүй” гэж тайлбар өгсөн ч хөдөлгөөнгүй нотлогдсон юм байна.
Харин биеэ үнэлэгчдийг байрлуулж байсан газар нь гэр хороололд, тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 5-11 тоот хаалганд байршиж байжээ. Тус хашаа нь Гандантэгчинлэн хийдтэй ойролцоо оршдог аж. Хашаан дотор хоёр давхар хаустай, доторх зарим өрөөг караоке байдлаар, мөн хэд, хэдэн өрөөг зочид буудлын зориулалтаар тохижуулсан байжээ.
Хамар хашааных нь иргэдийн хэлж буйгаар энэхүү байшинд биеэ үнэлэгчид ирдэг гэж огт төсөөлдөггүй байсан. Гэхдээ оройн 21.00-22.00 цагийн орчимд 20 орчим насны охид такси барьж ирдэг. Байшинг гадаадын иргэн түрээсэлдэг байх гэсэн ойлголттой байжээ.
Тэгэхдээ Н.Ундрах нь уг байшин, хашааг түрээсэлдэг байсан бололтой. Гэнэтийн шалгалтын үеэр хашаан дотор "Lexus 570”, "Lexus 350” маркийн хоёр машин байсан нь мөн түүний эзэмшлийнх байж мэдэх гэнэ.
Одоо цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж буй юм. Өмнө нь айл амьдардаг байсан ч зарсан эсэх нь тодорхойгүй. Харин Н.Ундрахын хувьд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад Монголдоо ирсэн байжээ.
Цагдаагийнхны гэнэтийн шалгалт биеэ үнэлэгчид зөвхөн хотын төв хэсэгт буудалд байрлах бус одоо бүр гэр хороолол руу тэлж хэний ч хараанд өртөхөөргүй газар руу түрж орох болсныг дээрх хэрэг харууллаа.