Saturday, April 29, 2017

Нийтийн тээврийн Ухаалаг систем Улсын мөнгийг залгиж байна



Нийтийн тээврийн Ухаалаг систем Улсын мөнгийг залгиж байна


Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд шинэчлэл хийсэн. Энэхүү шинэчлэл өнөөдөр ч үргэлжилж байна. Уг шинэчлэлийг хийхдээ Улаанбаатар смарт карт” ХХК гэгчийг байгуулжээ.

Тус ХХК нь 2014 оны 11 сард 1 тэрбум 825.0 сая төгрөгийн дүрмийн сантай 6 үүсгэн байгуулагчтай байгуулагдсан. Үүнээс:
Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын Газар 438.0 сая төг буюу 24.0%;
Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн этгээд “КореаСмарт Карт”ХХК 1 тэрбум 3 сая 750.0 мянган төгрөг буюу 55.0%;
Бусад 4 компани 18.2 саяас 136.9 сая төгрөгийг дүрмийн санд нь оруулсан байна.

Ийнхүү тус компани нь нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем бий болгох зорилгоор БНСУ-аас ухаалаг автобусны тоног төхөөрөмжийг оруулж ирэхээр болсон. Өнөөдөр уг төхөөрөмж орж ирэн автобусанд суулгаж, та бид карт уншуулан зорчиж байгаа билээ. Гэхдээ 100% тоног төхөөрөмжийг Нийтийн тээврийн том оврын автобусанд суулгачхаагүй байна. Энэ хүрээнд 13 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тус компанийн зүгээс мэдэгддэг байна.

НИТХ-ын тэргүүлэгчдээс байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар 13 сая ам долларын тоног төхөөрөмжийг оруулж ирсэн эсэх нь батлагдаагүй гэсэн мэдээллийг тус ажлын хэсгийн дүгнэлтэнд тусчээ. Тоног төхөөрөмж авсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг үзүүлээгүй. Асуухаар баримт нь байгаа гэхээс өөр хариулалтыг өгдөггүй гэнэ. 2 жилийн өмнөх тоног төхөөрөмжийн ханш өнөөдрийн нөхцөлд илүү хямд байсан. Гэвч НИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг уг тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээл дээрх ханшийг судалж үзэхээр 6-7 сая ам долларт Нийтийн тээвэрт суурилуулсан Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн тоног төхөөрөмж нь орж ирэх боломжтой гэсэн судалгааг гаргасан байх юм.

2015 оны 5-р сард БНСУ-аас 13 сая ам.долларын буюу тэр үеийн ханшаар 25 тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж ирээд уг хөрөнгө оруулалтаа 2 эх үүсвэрээс нөхнө гэж “Улаанбаатар смарт карт” ХХК төлөвлөсөн байна.
Нийтийн тээврийн Карт болон бэлэн мөнгөний зорчилтоос10%-ын шимтгэл авна.
Улаанбаатар хотын төсвөөс нийтийн тээвэрт олгодог нөхөн олговроос 10%-ийн шимтгэл авахаар тооцжээ. .

Гүйцэтгэлээр 2015 оны 8 сараас 12 сар хүртэл нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хотын төсвөөс 13.3 тэрбум олгосон. Үүнээс “Улаанбаатар- Смарт Карт”ХХК-д нөхөн олговор олгоогүй байна.

2016 оны 1-6 сард нийтийн тээврийн нөхөн олговроос “Улаанбаатар смарт карт” ХХК нь 5.5%-ийн шимтгэлийг авсан байна. Смарт карт борлуулсны орлого болон бэлэн мөнгөний орлогоос 9.9 %-ийг шимтгэл болгон суутгаж авсан байна. Үүнд:

“Улаанбаатар-Смарт Карт” ХХК нь шугамын орлогоос гэрээний дагуу 2015 онд 2,240,710,011 төгрөг, 2016 онд 4,528,361,531 төгрөг нийт 6,769,071,542 төгрөг; нөхөн олговрын санхүүжилтээс 2,199,001,870 төгрөг нийт 8,968,073,412 төгрөгний шимтгэлийг эргэн төлөлтөөр буцаан аваад байна. Нэг үгээр хэлбэл анх оруулсан хөрөнгө оруулалт болох 25 тэрбум төгрөгийнхөө бараг 9 тэрбум төгрөгийг 2016 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр авчихсан гэсэн үг. Тэгсэн атлаа өнөөдрийг хүртэл Нийтийн тээвэрт суурилуулах ёстой Ухаалаг системээ бүрэн ашиглалтад оруулаагүй. Улаанбаатар смарт карт ХХК нь Нийтийн тээврийн ухаалаг системийг суурилуулж эхлээд 8 сарын дараа бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй. Гэвч өнөөдрийг хүртэл уг тоног төхөөрөмж нь бүрэн ашиглагдаагүй явж байна. Нөгөө талдаа систем нь алдаа ихтэй учраас Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчийг ажилласан цаг, зорчигч тээвэрлэсэн тоо зэрэг нь бүрэн бүртгэгдэхгүй байна. Үүний улмаас аль аль талдаа маргаан гардаг. Өнгөрсөн 2016 онд их хэмжээний үнийн дүн бүхий зорчигч тээврийн мэдээллийг Улаанбаатар смарт карт” ХХК нь гараар шивж оруулсан байна. Үүний улмаас Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч автобус компани, Улаанбаатар смарт карт хохирол амсахгүй. Харин Нийслэлийн засаг даргын тамгын газарт алдагдал хүлээгдэж байна. Энэ хэрээрээ улсын төсвөөс үрэлгэн зардал гарч байгааг тооцох ёстой: гэсэн юм.

Ухаалаг систем суурилуулаад Нийтийн тээвэрт Улсаас гарах зардал буурах ёстой. Гэтэл Улаанбаатар смарт карт” ХХК нь орлого олдог. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж нь зорчигч тээвэрлэсэн, тээвэрлээгүй мөнгөө авдаг. Харин Нийслэл жилдээ хэдэн арван тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, мөн Улаанбаатар смарт кар” ХХК-д өгдөг буруу жишиг тогтчихжээ. Үүний тод жишээ нь Нийслэлийн төсвөөс Нийтийн тээврийн компаниудад өгдөг татаасын хэмжээ Ухаалаг систем нэвтрэхээс өмнө өгдөг мөнгөн дүнгээс 3 дахин өссөн тооноос харж болно.



Үргэлжлэл бий...