Saturday, April 29, 2017

“Ц.Элбэгдорж 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийллээ”

“Ц.Элбэгдорж 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийллээ”

2017 оны 4 сарын 27
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ажиллаж байсан ч түүнийг чөлөөлсөн. Тодруулбал, намын удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг намаасаа хөөсөн тухай тус намын дарга асан Ц.Баянбилэг мэдэгдсэн юм. Улмаар намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд гаргаад байсан юм.

Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн. Ингэснээр Г.Уянга намын даргаар чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогдсон юм. Тэгвэл энэ талаар Г.Уянга өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавьсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Өнөөдөр УДШ хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ.

Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож хууль ёсны учрыг тайлбарлах чухал шаардлагатай гэж үзэж байсан учраас эл учраа хэлж хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хэрэгссэнгүй.

Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөрөө хийж байгааг жигшиж байна. Шүүхийн шийдвэрийг гар дээр хүлээн авсны дараа энэ асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх болно” гэсэн байна.