УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг хийгдэж, олон нийтийн ярианы сэдэв болоод байна. Тэгвэл тус хуульд туссан амьдралд шууд хэрэглэгдэх, иргэдийн зайлшгүй мэдэх шаардлагатай зарим заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.
- Хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт тусгагдав.
-Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хувь хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.
-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.
-Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг 25 мянган төгрөгөөр торгоно.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин мянган төгрөгөөр торгоно.
-Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.
-Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг сая төгрөгөөр торгоно.
-Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: Criminal.mn