Эцэг, эхчүүдийн анхааралд хүргэх нэгэн мэдээлэл байна. Нийслэлд хүүхэд хулгайлдаг бүлэг этгээдүүд буй болсныг удаа дараагийн болсон явдлаас гэрчилж байна. Тодруулбал,
Бүжгийнхээ бэлтгэлд явна гэж дөрөвдүгээр сарын 15-нд гэрээсээ гарсан есдүгээр ангийн сурагч Б. Дэлгэрмөрөн хүү тав хоног сураггүй байсны эцэст өнгөрсөн пүрэв гарагт эсэн мэнд олдсон билээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр хүүг 18-20 орчим насны залуус өөрсдийн амьдардаг нийтийн байранд аваачиж хорьсон байдалтай байлгаж байсан аж. Тэд хүүгийн утсыг нь ломбарданд тавьсан бөгөөд олсон мөнгөөрөө PС тоглодог байсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
"Манай хүүгээс гадна хоёр, гурван хүүхэд хамт хоригдож байсан"
Хэргийн талаар хүүгийн аав "Ажил хийдэггүй, нийтийн байранд хэдүүлээ нийлээд амьдардаг хэдэн залуус манай хүүг хорьж байсныг олж, цагдаагийн газар хүлээлгэн өгсөн. Манай хүүгээс гадна хоёр, гурван хүүхэд хамт хоригдож байсан. Хүүг минь олж өгөөч гэсэн зарыг сошиал сувгаар явуулж, олон түмэн шэйр хийсний ачаар нэг эмэгтэй бидэнтэй холбогдсон. Өөрийнх нь охин бас алга болоод, тэр газраас олж авсан юм билээ. Тэгээд бид тэнд очиход манай хүүхэд байж байсан. Тэр охиныг бас утсыг нь булааж авч, дээрэлхэж янз бүр болсон юм шиг байсан. Аав нь цагдаагийн газар бас өргөдөл өгнө гэж байсан. Биднийг очиход тэнд хүүг маань байлгаж байсан нөхдүүд зугтаасан. Бид араас нь хөөж, цагдаагийн байгууллагад дөрвөн залууг барьж аваачиж өгсөн. Нэг нь голлох үүрэг гүйцэтгэж, хүүхдүүдийг аваачиж хорих ажлыг гардан зохион байгуулсан юм шиг байна лээ. Яг нарийн сайн мэдэхгүй байна. Тэд нийтийн байр, хажуу өрөө энэ тэр түрээслээд яваад байдаг юм уу даа. Манай хүүхдийг долоон буудлын тэнд нийтийн байранд байлгаж байсан" гэж ярьжээ.
Баянгол дүүрэгт бас ийм хэрэг гарчээ
Яг ийм хэрэг саяхан Баянгол дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн "Оюуны-Ундраа" дунд сургуулийн ойролцоо хүүхдүүдийн утас, эд хэрэгслийг нь булаах, дээрэлхэх, дарамталдаг бүлэг этгээдүүд байгаа талаар эцэг, эхчүүдийн дунд явган яриа гарсан байна. Тиймээс эцэг эхчүүд холбогдох албаныханд энэхүү мэдээллийг шалгаж өгөх хүсэлтийг тавьсан байна. Энэ мэт "Хүүхэд алга боллоо, цүнх хувцсаа булаалгалаа, утсаа алдлаа" гэх мэдээллүүд мэр сэр гарсаар байгаа тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэв.
Эх сурвалж: Criminal.mn