Sunday, April 30, 2017
СОЛОНГОС КОМИССЫН ПАЛЬТОНД ШИНГЭСЭН ХАРИЙН ХҮНИЙ СҮНС
Хоёр нялх хүүхэдтэй Ариунаагийн амьдрал их хотын мянга мянган ядуу эхчүүдийн адил үнэнхүү барзгар. Ядаж байхад Ариунаагийн ханийн тэнгэр 180 градус хазайсан гэлтэй. Түүний анхны нөхөр одоогоос долоон жилийн өмнө хүнтэй муудалцаад хутгалуулан амь насаа алдсан юм. Тэр үед бүсгүй хөл хүндтэй сэтгэлийн зовлонг тээж явсаар хоёрдахь нөхөртэйгөө учирсан байна. Түүний удаах нөхөр Бат-Очир овойж оцойгоод байхаар баян тарган хүн биш ч гэлээ гарын дүйтэй боломжийн орлоготой нэгэн байж. Ариунаа хоёрдахь үрээ эсэн мэнд төрүүлчихээд эмнэлэгээс гарах өдөр түүнийг хэн ч тоссонгүй. Бүсгүй нэгдүгээр амаржих газраас гарсныхаа дараахан Хөвсгөлд ажлаар явсан эр нөхөртөө "амар сайн амаржсан" тухайгаа мессеж бичиж, хариу хүсчээ. Гэвч эхнэр лүүгээ яарч явсан Бат-Очир машинтайгаа Мөрөнгийн гүүрэн дээр онхолдож нас барав. Энэ муу мэдээ хөөрхий бүсгүйг дахин сэтгэлийн шаналалд оруулж, амьдралд нэг мөр сөхрүүлжээ. Үүнээс хойш бэлэвсэн хоцорсон Ариунаа эр нөхөр, хань ижил гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаясан гэхэд болно.Харин нэг жилийн дараа Ариунаа Нарантуул зах дээр тор гутлын улавч зэргийг зарж амь зуух болжээ. Хэдийгээр хоёр нөхрийн өвөр дамжсан бэлэвсэн эмэгтэй ч гэлээ нас залуу тул бас ч болоогүй гоёж гангалахыг хүсэлгүй л яахав дээ. Өдрийнхөө орлогоор цувдай, талх зэргийг аваад данс нь улайдаг түүний хувьд чанартай хувцас худалдан авна гэдэг ёстой "говийн зэрэглээ" байсан гэх үү дээ. Түүний хоёр жилийн өмнө авсан хүрэн савхин хүрэм, хавар намрын гутал хоёр нь ирэх өвлийг авна гэхэд үнэхээр бэрх болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн өмссөн гутлынх нь ул байсхийгээд салахаас гадна гутлын цахилгаан эвдэрсэн, савхин хүрмийг олон дахин будуулсанаас болж энд тэндээ цоорчихсон нэг үгээр хэлвэл пулёметны амыг цээжээрээ хамгаалсан дайчны хувцас шиг гэлтэй харагдана. Ариунаа эл хувцаснаасаа хачин их ичнэ. Иймээс ингэж ноолорч явахаар гайгүй хувцас өмсчихөөд хүний нүүр бүтэн харж, наймаагаа хийх хүсэл туйлын их. Иймд бүсгүй эдийн засгийн хэмнэлттэй ажиллахаар төлөвлөжээ. Тэр нь юу байв гэвэл бүсгүй өдөртөө тор, улавч зарж олсон мөнгөнөөсөө 500 төгрөг илүүчлэн хадгалсаар 3 сарын дараа гэхэд 50 мянган төгрөгтэй болов. Ариунаа цуглуулсан мөнгөөрөө юу авах тухайгаа их бодлоо. Тэрээр гайгүй цамц авая гэхээр удахгүй сэрүүн орох тул ганцхан сар өмсөөд далд хийх болно. Тиймээс хавар намар бүр өвөл ч өмсчихөөр хүрэм, пальто авахаар сэтгэл шулууджээ. Ингээд бүсгүй Нарантуул захын комиссын хувцас зардаг лангуун дээгүүр долоо хоног эргэлдлээ. Ариунаа ингэж явахдаа бүх хуучин хувцасыг өмсөхийг нь өмсөж үнэ ханшийг нь судалж тогтоов. Тэгж тэгж час улаан өнгийн хавар намрын пальтог авахаар зэхжээ. Комиссын бараа зардаг эзэнтэй нь сайн ярьж, зовлонгоо тоочсоны хүчинд чанар сайтай бараг шинээрээ пальтог 80 мянгаас буулгасаар 48 мянгаар авав. Анхлан пальтог өмсөж үзэхэд энгэрийн халаасанд нь солонгос үсгээр бичсэн тамгатай нэг цаас гарч ирсэн гэдэг. Ариунаа өнөөх бичгээ хаялгүй униндаа хавчуулаад таг мартжээ. Ядарсан бүсгүйн нүдэнд туссан улаан пальто гаднаас нь харахад үрчийж хорчийсон ч гэлээ хэд сайн угааж индүүдэхэд шинэ юм шиг л хүний нүд хужирлахаар болоод ирэв. Харин уг пальтог худалдан авахад үнэртэж байсан нэвширсэн эхүүн үнэр яагаад ч салсангүй. (Цусны үнэр байсныг хожим мэдсэн) Ариунаа яаж ч угааж арцаар аривлаад гадаа тавьсан ч өнөөх үнэр өмсөх үед нь сэн хийгээд л үнэртээд байв.Тор зардаг бүсгүй улаан пальто авч өмссөн өдрөөсөө хойш сайнаа үзсэнгүй. Орой үдэш явахад хэн нэгэн араас нь дагаад уйлаад байх шиг түүнд санагдана. Нэг шөнө Ариунаагийн бага хүү бүлээрч халуундаа дэмийрч эхлэв. Хүү нь хар даран бархирч сэрээд:-Ээж ээ, таны өлгөөтэй пальтоны ард чөтгөр нуугдчихаад байна. Тэр пальтоны яг ард нүцгэн эмэгтэй орчихлоо гэх мэтээр цурам хийлгүй үглэх ажээ. Арга нь барагдсан Ариунаа өлгөөтэй пальтогоо авч авдрынхаа араар нуув. Үүнээс хойш гурав хоногийн дараа Ариунаа нөгөө пальтогоо өмсчихөөд оройн бүрэнхийд гудмаар тойрч яваад бага насны хоёр хүүхэдтэй таарчээ. Сарны туяанд бүсгүйн нүүр, улаан пальто тодхон харагдаж байсан хэдий ч нөгөө хоёр хүүхэд Ариунаад ойртолгүй дороо зогсчихов. Бүсгүй урдаасаа ирж явсан хоёр хүүхэд гэнэт зогсчихсонд гайхсан бололтой хэсэг ажин зогсов. Гэтэл хоёр хүүхдийн нэг байдаг чадлаараа орь дуу тавин: -Ээжээ мангас ирж байна гэж ирээд л чарлав. Ариунаа тэр хоёрт өөрийгөө ойлгуулахаар их л тайван өнгөөр:-Эгч нь юуны чинь мангас байх билээ. Танай дээд хашааны "шар тор зардаг" Ариунаа эгч нь байна гэж ирээд ойлгуулах гэсэн боловч тэд бүр байдаг чадлаараа орилсоор. Удалгүй хүмүүсийн хөлийн чимээ тодхон сонсогдож нохой шуугиад явчихав. Ариунаа арга буюу тэндээс холджээ.Нэг шөнө Ариунаагийн нойр хулжив. Тэрээр эсэн бусын юм бодсоор хэвтэж байтал түүний нүдэнд нэг хачин юм зурсхийлээ. Бүсгүй чимээ гарсан зүг рүү анхааралтай харвал гэрийн баруун баганаас өлгөөтэй түүний пальтоны хормой дэрвэлзээд байх шиг. Пальтоны хоёр ханцуй хоёр тийшээ солбин хөдөлж хэн нэгэн түүний дотор байгаа ч юм шиг бүсгүйд санагдлаа. Ариунаа босч гэрлээ асаагаад өнөөх пальтогоо авдрандаа хийгээд цоожилжээ. Гэтэл маргааш өглөө нь нөгөө улаан пальто нь орных нь толгой дээр эвхээстэй байх юм. Ариунаа хоёр хүүхдээ сэрээгээд "Урьд шөнө миний пальтог хэн авдар дотроос гаргасан бэ" гэж асуухад хоёр хүү нь нүдээ нухлан "мэдэхгүй" хэмээн өчив. Тэрээр бүр гайхаж хоцорлоо. Сарын өмнө хүү нь халуурч бүлээрэхдээ пальтоны талаар яриад байсан. Мөн гудманд тааралдсан хоёр хүүхэд түүнээс айгаад байсан зэрэг нь зүгээр нэг тохиолдлын чанартай зүйл байсангүйг Ариунаа сайн ойлгов. Нөгөө пальтогоо өмсөхөө болъё гэхээр өвлийн хүйтэнд өөр өмсөх хувцас үгүй тул учраа олохгүй бодож цөхөв. Бүсгүй тогоондоо шалзлам халуун ус буцалгаад улаан пальтогоо хийж хэдэн цаг чанажээ. Дараа нь сайн гэгч угаагаад гадаа хэд хоног хонуулж арц хүжээр дахин баахан ариутгаж утав. Ингээд Ариунаа пальтогоо сэжиглэн байж өмсөөд наймаагаа хийхээр Нарантуул зах гарлаа. Тэр өдөр бүсгүйн санаа дагаад ч тэр үү наймаа нь нэг их амжилттай явсангүй тул үдээс өмнө гэртээ ирэв. Хоёр хүүхдээ хашаандаа тоглож байхад пальтогоо баруун орон дээр тайлж хаячихаад зүүн орон дээр хэвтээд хэсэг дугхийв. Гэнэт түүний хоолойг хэн нэгэн боогоод золтой л амьсгал хураадгийн даваан дээр тэрээр сэржээ. Түүний нойрмог нүдний үзүүрт баруун орон дээр чармай нүцгэн хүүхэн цусанд будагдсан чигтээ хэвтэж харагдах нь тэр. Бүсгүй нүдээ нухлан ахиад сайн гэгч харвал түрүүний тайлаад хаясан пальтоноос өөр зүйл байсангүй. Ариунаа "ёох" гэж санаа алдаад ахин хэвтсэн боловч түрүүний цусанд будагдсан хүүхэн санаанаас нь гарсангүй. Ийнхүү ядарсан бүсгүй сүнс, сүүдэр шингэсэн пальтогоо ахин хэзээ ч өмсөхгүй хэмээн өөртөө тангараг тавиад Улаан чулуутын хогон дээр хаясан байна. Хожим нь бүсгүй нөгөө пальтоны халаасанд байсан бичгээ гаргаж ирээд солонгос хэлний орчуулагчаар хөрвүүлжээ. Гэтэл нөгөө бичигт "Пальтоны эзэн нь автомашины ослоор нас барсан болно" гээд талийгаачийн хэдэн сард осолд орж хэдэн эрхтэн нь гэмтсэн талаар бичсэн байв. Үхсэн хүүхний пальто өмсөж явсан гэдгээ мэдсэн бүсгүй маш ихээр айж, хэдэн өдөр унтаж чадалгүй сэрүүн хонож, үүнээс хойш Ариунаа комиссын хувцас авахаа больсон гэдэг. Ер нь Солонгос, Баруун Европоос ирдэг комиссын хувцас нь ДОХ болон ямар нэгэн өвчнөөр хорвоог орхисон хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хувцас байдаг аж