Sunday, April 2, 2017

Амьдаараа оршуулагдсан аймшигт хэрэг

Монголд анх хүүхдийн колони байгуулагдахад Доржийн Лханоров , Данигайн Дэмбэрэл, *Гөлөөн* Цэрэндондог нар очиж байсан гэдэг. Эд нар хүүхдийн колонид хүмүүжих нь бүү хэл улам эвдрээд томчуудын шоронд шилжжээ. Гэхдээ дандаа томоохон хэрэг үйлдэж дуулиан дэгдээсэн улсууд юм. Эдэн дотроос Доржийн Лханоровыг *Амьдаараа оршуулагдсан ялтан* гэж ярьдаг. Тэрбээр томчуудын шоронд байхдаа уушги нь муудаад шоронгийн эмнэлэгт хэвтжээ. Олон хоног бие нь муу байсны эцэст нэгэн орой гэнэт ухаан алджээ. Түүнийг эмчилж байсан Чадраабат гэдэг эмч тэр үед халамцуу байсан бөгөөд Лханоровын судсыг барьж үзтэл цохилохгүй байж. Гэвч цохилж байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Яагаад гэвэл халамцуу хүний ухаан гэдэг осолтой шүү дээ. Ингээд Лханоровыг тэр шөнөдөө шоронгийн мооргийн өрөөнд оруулаад хаячихжээ. Цогцоснуудыг дараа нь хот руу ачиж шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулдаг байж. Гэтэл шөнө дундын үед талийгаач болсон Лханоров гэнэт сэрээд иржээ. Арай ядан өндийгөөд хартал мооргийн өрөөний задгай амбаарт хэвтэж байх нь тэр.
Эхэндээ тэр өрөөндөө хэвтэж байна гэж бодож л дээ. Тэгээд хажуу талынхаа хүний хөнжлийг сөхөх санаатай тэмтчиж байгаад үхдэлийн цагаан нөмрөгийг хуултал гарт нь хөлдүү гар тааралдаж. Тэгэнгүүт *Амь авраарай* гэж байдаг чангаараа хашгирсан бөгөөд аз болж энэ үед бие засах гэж явсан сувилагч хүүхэн түүний дууг сонсжээ. Сувилагч мооргийн өрөө рүү шууд орох гэснээ айгаад дотогш орж *Хүүрийн байшингаас хүн хашгираад байна. Лханоров дутуу үхчихсэн юм биш үү* гэж хашгирахад халамцуу эмч Чадраабатын уусан архи нь гарах шиг болж мооргийн байшинруу хар хурдаараа гүйсэн байна. Хаалгыг нь угз татаад гэрэл асаатал Лханоров хэдэн үхдэлийн дунд мөлхөж явж. Чадраабат эмч түүнийг яах ийхийн завдалгүй сэвхийтэл өргөөд үүд рүү зүглэсэн бөгөөд энэ үед 2 сувилагч дамнуулга ачраад Лханоровыг дээр нь хэвтүүлж үтэр түргэн эмнэлэгийн оронд залжээ. Ингээд Чадраабат гэдэг эмч Лханоров гэдэг ялтаны нээнтэгт орох нь тэр. Тэрбээр Лханоровоос уучлалт гуйхын ялдамд *Чиний судас үнэхээр цохилохгүй байсан юм даа. Ямар сонин юм бэ? За тэгээд цохилсон ч цолхилоогүй ч би санаатайгаар чамайг моорогт хийгээгүй л юмдаг. Гэхдээ миний түмэн буруу. Чамайг амаа хамхиж явах юм бол би чамд чадах ядахаараа тус хүргэнэ. Ялыг чинь хүртэл хөөцөлдөж байгаад хөнгөлж чадна гэж ам алдаж. Лханоров ч амаа хамхихаар шийджээ. Түүнийг эмнэлэгт байх хугацаанд Чадраабат эмч үнэтэй эм тариа өөрийн мөнгөөр хотоос авчирч тэнхрүүлсэн гэдэг. Эмнэлгээс гараад зоонд очиход нь ч хөөцөлдсөөр байгаад хорих ангийн мал дээр гаргаж харж үзсэн байна. Лханоров хэдэн жил мал дээр тарвалзаж байтал Чадраабат дээр дооргүй өргөдөл барьж гүйсээр байгаад түүнийг хугацаанаас нь хоёр жилийн өмнө суллаж чаджээ. Наранд гарахад нь түүнд 4 ханатай жижиг гэр бэлдэж өгсөн боловч Лханоров тун удалгүй дахин гэмт хэрэг үйлдэж шоронд орсон байна. Чадраабат эмч ямар ч гэсэн хүртээх ёстой тусаа хүргэсэн байна, Лханоровын хувьд бол гомдолгүй болж. Тийм ч учраас Лханоров *Чаагий эмч ёстой жинхэнэ эр хүн. Харин өгөр толгойлсон би гэдэг амьтан хайрыг нь дааж чадаагүй. Мооргийн өрөөнд үхдэлүүдийн дунд хэвтэж байх ч бас аймар байсан шүү. Үхсэн хүний хөлдүү гар атгаж авсан миний энэ муу гар бузартсан байх. Сав л хийвэл хүний хармаанаас мөнгө суйлаад эзнийгээ дахин шоронд хатаалаа гэж үглэдэг байж. Тэрбээр шоронгийн овгор нааран дээрээ үхдэгийн жамаар шорондоо өөд болжээ.