Friday, April 28, 2017
Хотод чөтгөртэй газар байна гэж үү?
Улаанбаатарт чөтгөртэй хашаа, байшин байдаг гэж ярилцдаг боловч барин тавин харсан, үзсэн нь үгүй ажээ. Харин Чингэлтэй дүүргийн XVII хорооны хойд энгэрт байх Согоотын гудамжинд хойшоо харсан хэсэгхэн цагаан зайг хүмүүс андахгүй. Эргэн тойронд хашаа, байшин барьж бараг уулын орой дээр суварга босгох нь халаг болсон өнөө үед тэр дэвсэгнээс яагаад цэрвээд байна вэ? гэдэг л нэн сонин.
Иргэн Д.Даваа:
- Намайг хорооны дарга байхад л тийм газар байсан. Энд тэндээс нүүж ирсэн хүмүүс л хашаа барьчих газар өгөөч гээд бөөн өргөдөл чирэгдэл болдог юм. Заримдаа арга барахдаа хүмүүсийн өргөдлийн хариу болгож тэр газрыг зааж өгнө дөө. Газар нь тэгшхэн, худаг, дэлгүүр буудалдаа ойрхон, ус түргэний тэрэг өвлийн нөхцөлд хальтиргаа гулгаагүй хүрчих газар л даа. Түүнээс зугтаагаад бараг л 35 градусын налуутай, уулын ар зоо руу зүтгээд байдаг юм гэж ярив.
Өндөр настан Самбуу гуай:
- Уг нь манайх энд хашаа хатгаад 21 жилийн нүүр үзэж байна. Энд айл байсан юм шүү дээ. Ши-Гоа-Щы гэдэг сайхан зантай монголжсон хятад байсан юм. Эхнэрийг нь монголоор Лянхуа гэдэг. Хүүхдүүд нь өсч өндийгөөд эмч, дарга, холбооны залгагч, нисэгчид болцгоосон. Хардаж сэрдэхийн аргагүй хүмүүс, сайн хүмүүс л дээ. Хятад хүн болгон муу гэвэл бас өрөөсгөл юм шүү дээ. Амьдрал нь ч боломжийн байсан. Ногоо тарих гэж жигтэйхэн. Жорлон руу явдаг замаас бусад нь сонгино, жууцай пиг. Хөөрхий Ши-Гоа-Щы нэг өглөө байшингийнхаа харанхуй өрөөнд юм хурааж байтал бэлтгээд тавьчихсан хар модон авс нь гулгаад чамархай руу нь цохиод нам явчихсан юм билээ. Бид ч айл аймгийн хүмүүс болохоор ажил явдалд нь чадал чинээгээрээ оролцоод л өнгөрсөн. Намар нь Лянхуа бага хүүхдүүдээ аваад Амгалан руу нүүсэн. Яав, ийв гэж асуутал:
- Тэнд ногоо тарихаар газар авлаа гэсэн. Өөр ямар нэг тайлбар өгсөнгүй яваад өгсөн. Удалгүй тэдний хашаанд Бямбажалын Дэмбэрэл гэж ХХII баазын “бурхан” жолоочийнх нүүж ирсэн гэлээ. Самбуу гуайн ярьсныг цааш сийрүүлбэл:
- Хаалган дээрээ олон таван хошуутай Дэмбэрэл жолооч гэрийн бараа тоотойхон харна. Эхнэр нь худагт сууна. Ус түгээх. Нэг орой манайд эхнэр нь ороод ирлээ.
- Самбуу ах аа? Би айгаад байна. Та Болдыг манайд хонуулаач гэлээ. Би ч том хүүгээ явуулсан юм даг. Гэтэл хүү маань маргааш нь ингэж ярилаа.
- Шөнө дундын үед цонхных нь хөшиг ярагдаж, цагаан хувцастай хятад хүн орж ирэхийг тодхон харжээ. Тэгээд Дэмбэрэл ахад хийгээд тавьчихсан хоолыг шал шал хийтэл савхдан идээд бас пийшингийн дээд талын тоосго ховхлох гэж зөндөө түжигнүүлсэн. Ширээний цагны баадууны пүршээр хэлээ хуссан. Би эхлээд хулгайч юм болов уу? гэж бодсон.
- Чи зүүдлээ биз. Хамаагүй бурж толгойгоо цустав гэж загнаад нам дарж авлаа л даа. Гэтэл эхнэр нь өвгөнөө шөнө ирж магадгүй гэж бодоод том аяганд хоол хийгээд тавьчихдаг атлаа өглөө нь хоосон байх. Хар өглөөгүүр нүүрээ ч угаахгүй хоол эргүүллээ гэж загнахад,
- Би идээгүй гэж хүүхдүүд дор бүрнээ хэлдэг юм. Гандангаар явж арга дом хийлгэсэн. Тус болоогүй. Тоо, толгой мэнд дээрээ нүүх гээд нүүсэн жил тойрон хүн аваагүй. Хашаа нь ч тоногдох шинжтэй болсон. Гэтэл хэдэн оюутнууд хөлсөлсөн.
- Чөтгөр гэж юу байдаг юм бэ? Хүрээд ирэг л дээ. Тэр Хятадын хамрыг чимхээд өгье гэж онгирцгоогоод л, насны халуун л даа хөөрхийс. Гэтэл нэг л шөнө хайлчихсан. Цахилгаан утаснаас л гал гарлаа гэдэг. Хэн ч хараа билээ. Тэр чинь 1991 он шүү дээ. Одоо байшингийн сууринаас өөр юу ч алга даа. 1996 онд нэг аяга шиг бор гэр ирж буугаад долоо хоноод санд мэнд нүүсэн. Одоо 10 гаран жилийн нүүр үзлээ. Хэн ч ирсэнгүй дээ. Чөтгөр шүглэсэн газар байх аа, хүү минь гэжээ. Энэ дашрамд хэлэхэд Хайлаастын Арын өндрийг Гозгор улаан гэх бөгөөд түүний өврөөр Дамбадаржаа хийдийн лам нарыг нутаглуулдаг байжээ. Харин 1921 онд Хүрээг эзлэх гэж Барон Унгерны цэрэг Толгойтын даваагаар давахдаа гамин цэргийн толгойн сэргийлэхийн нэг ангитай тулгарч буудалцжээ. Тэгэхэд олон орос цэрэг алагдаж нэг цэрэг шархдаж баригдахад гамингууд тохуу хийж эрүүг нь зааж өнчин хайлааснаас дүүжлэсэн ажээ.
Тэр цагаас хойш Хайлаастын гозгор Улааны энгэрт хүн тавихаа больсон юм байна. Гэхдээ ихээхэн “хуучтай” газар гэж өндөр настангууд ярих юм билээ. Төв бараан захын баруун талынхан Хятадын хүүрний пайлуур чулуугаар байшингийн суурь өрөөд амьдарч байхад муу юм болоогүй л байна. Иймд бүү сэжиглээрэй, эрхэм уншигчид аа.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/73376.shtml#sthash.YdfO4yHh.dpuf