Wednesday, April 19, 2017

Г.АРИУНБААТАР,Б.БАЯРМААТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОО Л БИЗ, ГЭМТ ХЭРЭГТЭН ШИГ ГООЧЛОХОО БОЛЬ

23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн Г.Ариунбаатар бол өдгөө цагт эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа нэрт дуучин. Тэр бол монгол түмний хайртай хүү. Гэтэл өнгөрсөн хаваржин түүнийг жүжигчин Б.Баярмаатай гэр бүл боллоо гэж сошиалаар баахан загнав.
Яагаад залуу хүмүүс бие биедээ сэтгэл алдарч цаашдын амьдралаа холбож болохгүй гэж. Тэд нийгэмд хор учруулж, хууль зөрчөөгүй. Залуу насны алдааг хэн аль нь гаргаа л биз,болж бүтэхгүй өмнөх амьдралыг орхио л биз. Хүний алдаан дээр тоглоод эчнээ яллаад байх эрх хэнд ч байхгүй. Залуу насандаа алдаж оноогүй хүн байдаг юм уу.
Тэр тэрнээс салсан, тэрэнтэй суусан гээд л шогшроод байвал Монголын урлаг,соёлын алтан үеийхнийг ч шүүмжлэх үү. Хүн гээч амьтан орчлон дээр ганцхан удаа л амьдарна. Яагаад заавал алдаатайгаа зууралдаад цор ганц амьдралаа дуусгах ёстой гэж. МУГЖ Г.Ариунбаатар гурав дахь амьдралаа жүжигчин Б.Баярмаатай эхлүүлж гурван охиных нь аав боллоо гээд л дуу алдан хэл амаа билүүдээд байгаа хүмүүс одоо больчих. Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр бие биеэ түшиж жаргалтай амьдрах ёсгүй юм уу. Нэг нь эхнэргүй,нөгөө нь нөхөргүй уруу дорой явах ёстой байсан юм уу.
Алийн бүр хэмлэх вэ, одоо зогсчих. Хэний ч амьдралд ямар ч учрал тохиолдохыг хэн ч таашгүй. Аль муугаараа дуудуулаад байгаа Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёрт сэтгэлийн ямар нандин холбоо байгааг хэн ч мэдэхгүй. Дуучин,жүжигчин хоёр залуу амьдралаа нийлүүлээ л биз,гайхаж цөхөөд байх юу байна вэ. Монголд залуус хуримладаг бас зарим нь хоёр тийш болсон л байдаг. Заавал энэ хоёрыг онцлоод элдвээр гутаагаад байх хэрэггүй ээ.
Тэдэнд урлагийн бурхан тэнгэр хүн бүрт өгөөд байдаггүй гайхалтай авъяасыг харамгүй заяасан. Ялангуяа Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд дуурсгаж яваа Г.Ариунбаатарыг монголчууд хайрлан биширч байгаа. Тиймээс ч 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг түүнд гардуулсан билээ.
МУГЖ Г.Ариунбаатар бол Чингис хааны одонг гардсан арав дахь эрхэм бөгөөд уг шагналыг гардагчдаас хамгийн залуу нь. 30 хүрээгүй насандаа үндэсний болон олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд дуулах болгондоо эх орныхоо нэрээр дуулж Монголоо мандуулж байсан нь гайхамшигтай. Заримыг дурдвал, ОХУ-д Муслим Магомаевын олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны гранпри, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гранпри шагнал хүртсэн.
Түүнийг Фигарогийн ариг дуулж байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Оросын төр засаг, урлаг соёл, нийгмийн амьдралд цагийг эзэлсэн их хүмүүс хэрхэн амьсгал даран чагнаж,хэрхэн бахархаж баяр хүргэж байсан нь мартагдаагүй байна. Гэтэл бид эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа энгүй их авъяастнаа элдвээр гоочилж шалдар булдар юм яриад байна. Одоо энийгээ больё. Харин тэр залууд амжилт хүсч, халуун сэтгэлээр дээлийнх захыг мушгия. Б.Баярмаа өнөөдөр хөөрхөн хүүгээ өсгөж,нөхрийнхөө ар талыг хариуцаж түшиг болж явна.
Нэг л өдөр хөөрхөн,дайчин жүжигчин бүсгүй шинэ уран бүтээлээр та бидэнтэй уулзана. “Мойлхон” шиг хэдэн арван дүр бүтээх их авъяас,цаг хугацаа түүнд бий. Хичнээн хүсээд ч хүн бүрт заяахгүй их авъяасыг урлагийн бурхан тэнгэр Г.Ариунбаатар,Б.Баярмаа нарт харамгүй хайрласан болохоор тэд ихийг хийнэ гэдэгт найдаж байна. Тэдэнд уран бүтээлийн амжилт ерөөж, Монголынхоо нэрийг дуурсган яваарай хэмээн залбиръя. Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг юм,миний залуу нас алдахаас бүү ай гэсэн сайхан үгийг Г.Ариунбаатар,Б.Баярмаа хоёрт хаяглая. Амьдрал сайхан,амьдрах сайхан шүү,залуус аа.
Н.Намуун