УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Санал хураах үеэр ирц хангалтгүй байсан тул УИХ-ын дарга М.Энхболд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ ирцийн асуудлыг анхаарахыг сануулсан юм.
Чуулганы хуралдаан ийнхүү өндөрлөлөө.
2017.04.28 16.38 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр "НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Харин хураагдахад харилцагчийн нууцлалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар хугацаа алдах хүндрэл байгаа мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагаас тавьдаг. Хуулиар бол ХОМ гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд байгаа хөрөнгөө бусдад худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хэрэв хууль биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах буюу халах, сахилгын хариуцлага хүлээлгэнэ" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Оффшорын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаад байна. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гараад ирэв"
АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж тогтоогдоод байна. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байна. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн"
УИХ-ын гишүүн Л. Болорчулуун "Манай улс авлигын индексээрээ хэддүгээрт байна. Авилга, хээл хахуультай холбоотой асуудал ямар явцтай байна вэ"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "28 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан 28 улстай холбогдон мэдээлэл авах ажиллагааг цаашид явуулна. Хууль батлагдсан ч албан ёсоор Төрийн мэдээлэл сэтгүүлд гарч албажаагүй. Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна. Авлига албан тушаалын хэргүүд АТГ харьяалагддаг. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ТББ-тай хамтарч ажиллахад анхаарч ажиллана. НҮБ-ын авлигын эсрэг нэгдсэн улсуудтай хамтран ажиллаж, мэдээллүүдийг солилцох ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Сард 400 орчим сая ам.долларын орох, гарах гүйлгээ хийгддэг. Эдгээр мөнгийг ямар журмаар гарч, орж байгааг шалгах сургалтад албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад явуулж байна. Эрхзүйн харилцаа туслалцаа гэрээ байгуулах ажлуудыг хийнэ"
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Бид нэг айхтар хууль гаргасан. Хамрах хүрээ нь их өргөн. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд АТГ юу хийж чадах вэ. ОХУ их өөр юм хийж байна. Оффшор дансаа ил болго гэж хугацаа өгч байна. Хэрвээ ил болгохгүй бол бүх хөрөнгийг нь хураана гээд байгаа. ОХУ-д ямар хууль үйлчлээд байна вэ"
АТГ-ын дарга Х.Энхжаргал "Эрхзүйн харилцан туслалцааны гэрээнүүдийг энэ зохих улсуудтай хийх ёстой. Хуулийн байгууллагуудыг ажиллах боломжоор хангах ёстой. Зардал гаргаад өгвөл бид яваад баримт авчраад ирэх боломжтой. ОХУ-ын тухайд төрийн бодлого нь хүчтэй улсуудын ажил яваад байна. Төр нь өөрөө хүчтэй учраас тэдний хүсэлтийг шууд хангаж өгөөд байна. Бид бол зөвхөн авая гэсэн гуйлттай. Гуйлтын шинжтэй болохоор амжилт муутай ажиллаж байна"
Б.Чимэг