Friday, April 28, 2017
Хятадын телевизээр Монгол эмэгтэйчүүд биеэ үнэлэх, хар тамхи зөөх хэрэгт ихээр холбогдож буйг мэдээлэв
Хятадын нэгэн телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр тус улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүдийн талаарх мэдээ гарчээ.
Тус мэдээнд Хятадад ажиллаж сурч байгаа Монгол эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь хар тамхи борлуулах эсвэл биеэ үнэлэх зэрэг хууль бус хэрэгт холбоотой байдаг. Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх хэрэгтэй болсныг дуулгажээ.
Түүнчлэн багагүй тоо баримт дурьдсан байна.
Жишээ нь, “Хятадад байгаа Монгол эмэгтэйчүүдийн 5000 гаруй нь хар тамхи болон биеэ үнэлэх хэрэгт холбогдсон байдаг. Түүнээс 2200 гаруй нь Эрээн хотод байна гэсэн судалгаа бий” гэжээ.
Үүний зэрэгцээ тун эмзэглүүштэй дараах зүйлийг дурьджээ.
“Биеэ үнэлснээс болоод бэлгийн замын өвчин тараагч болох нь элбэг байна. Үүнээс гадна тэд Монгол улс руу хар тамхи зөөх нь ихсэж байна. Хятадад хар тамхи зөөж тээвэрлэсэн хүнд маш хүнд ял оноодог. Гэтэл Монголд энэ асуудал арай хөнгөн байдаг. Тиймээс хоёр улсын Засгийн газар энэ ажил дээр хамтран арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ.
Тэд энэхүү мэдээлэлдээ Монгол улсад болсон нэгэн хэвлэлийн хурлаас ашигласан байна.
М.Жаргал