Tuesday, April 4, 2017

МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюул

Яг нэг жилийн өмнө монголчууд БСШУ-ны яамны газрын дарга Б.Насанбаяр хэмээх эмэгтэйг тойрон өрнөсөн дуулиан шуугианы хамт Христийн шашны МҮҮН-ний урсгалтай муугүй танилцаад авсан. Харин энэхүү нийтлэлд МҮҮН-ий шашинаас ч дутахааргүй анхаарал татах, зорилгоо монгол хүүхдийг дэмжиж туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн тодорхойлсон гадны ТББ-ын тухай. Монгол хүүхдүүдээр хууль бусаар бизнес хийж байгаа, МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюулын тухай хөндөж байна.
  Ширээн дээр дэлгэсэн энэ цааснуудад мянга мянган монгол хүүхдийн фото зураг, хувийн нууц мэдээлэл шивэгджээ. Хүснэгт татан жагсаасан энэ баримт бүхэлдээ хүүхдүүдийн бүртгэл. Улаанбаатар хотын … дүүргийн … хороонд амьдардаг. Эцэг эх нь ажилтай, ажилгүй, архи уудаг, амьдралын боломж бололцоо тааруу … өөрөө … сургуулийн … ангид суралцдаг. Нас … биеийн өндөр … утасны дугаар …
Баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж. Энэ бол БНСУ-д бүртгэлтэй “Гүүд Нейборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “” ТББ. Энэ байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн баримтууд.
 “Сайн хөрш сайхан дэлхийг бүтээнэ” гэсэн Библи судраас иш татсан уриатай энэ төсөл Монголд 2005 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд анх 355 хүүхэд хамрагдсан төслийн хүрээ нэмэгдсээр 2016 онд 9000-д хүрчээ. Хөтөлбөр нэртэй энэ арга хэмжээнд хамрагдсан энэ хүүхдүүд голдуу эмзэг бүлгийнхэн. Хэнд, яагаад, ямар баримтаа өгч байгаагаа мэдэхгүй насанд хүрээгүй энэ хүүхдүүдээс “Гүүд Нейборс Монгол” ТББ-ынхан амьжиргааны түвшин, ар гэрийнхнийх нь тухай мэдээллийг авч, ийн баримт болгон нэгтгээд, хүүхдүүдийн бяцхан гараар бичсэн тусламж хүссэн захидлын хамт Солонгос болон бусад улс руу “Монголын хүүхдүүдэд тусламж өгөхийг хүсэлт”-ийн хамт илгээдэг юм байна.
Тусламж ирсэний дараа хүүхдүүд хавартаа ганц витамин, зундаа бага сага хичээлийн хэрэгсэл, өвөл ганц нэг дулаан хувцастай золгодог аж. Бяцхан үрсийн хиргүй сэтгэлээс гарсан ээж нь ажилгүй, аав нь архичин гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл, улс орны нүүр царайг харуулж байж орж ирсэн энэ тусламж маягын юмсыг аваад хүүхдүүд мөн л “Сайн байна уу, танд баярлалаа, би таны тусламжийг хүлээж аваад их баяртай байна” гэсэн мөрүүдийг гараараа бичиж, захидал болгон илгээдэг байна. Фото зураг бүхий анкетад бүртгэгдсэн хүүхэд бүрт “Гүүд Нейборс Монгол” ТББ  хувийн дугаар олгожээ.
Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан энэ хүүхдүүдэд Солонгос дахь “Гүүд Нейборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын төв оффисоос хүүхэд бүрт сар бүр 55 ам.доллар ирдэг бол зөвхөн Солонгосоос жилд ойролцоогоор дөрвөн сая доллар босдог аж. Үүний 1.6 сая нь Монгол дахь төлөөлөгчийн газар орж ирдэг талаар эх сурвалж мэдээлж байна. Үлдсэн нь энэ байгууллагын үйл ажиллагааны зардал, ашиг болж үлддэг бололтой юм. Монгол хүүхдүүд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог бол тэдний мөнгийг бэлтгэх гол обьект нь гэр хороолол болж өгдөг юм байна.
Нийгмийн шилжилттэй зэрэгцэн гадны олон байгууллага Монгол Улсад хүүхэд, гэр бүл, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүүхэд, өндөр настан, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Тэдний дунд зорилго, үйл ажиллагаа нь зөв нэгэн байхад нийгмийн эмзэг бүлгийнхний асуудлыг мөнгө олох гарц болгон ашигладаг нь ч байх юм. Анхаарал сонирхол татаж байгаа “Гүүд Нейборс Монгол” ТББ ингэхэд Монгол Улсад 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Харин Солонгос дахь “Гүүд Нейборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагыг 1991 онд Солонгос дахь Дэлхийн зөн байгууллагад ажиллаж байсан ажилчид байгуулсан мэдээлэл байна. Гүүд Нейборс болон “Дэлхийн зөн” хоёул яг одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. “Дэлхийн зөн” албан ёсоор шашны  байгууллага гэсэн статусаа авсан бол “Гүүд Нейборс Монгол” ТББ-ын хэлбэрээр ажилладаг юм байна. Гэхдээ Солонгосын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд “Гүүд Нейборс”-ыг “Энэ бол шашны байгууллага” гэж тодотгодог аж. Өнөөдөр Гачуурт, Өлзийт хороолол, Баянзүрх, Сэлбэ, Тахилт зэрэг нийслэлээс алслагдсан гэр хороололд “Гүүд Нейборс Монгол” ТББ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа.
Монголд үйл ажиллагаа явуулдаг нийтлэлийн эхэнд дурдагдсан МҮҮН-ий урсгал болон бусад шашны гаралтай сүм, асрамж халамжийн газрын таних тэмдэг андашгүй. Тэд иргэдийг хоолоор, ходоодоор нь татаж, тархи угаалтаа явуулж байгаа. Хувь хүний мэдээлэл, баримт факт, сэтгэл заслын үед олж авсан хувь хүний нууц, нүгэл наминчлалаас олдсон мэдээлэл зэрэг нь итгэгч, дагагчдаа барьж тогтоох, хянах гол арга нь болдог гэдэг нь нийтэд ил болсон. Өнөөдрийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өсвөр насныхны хувийн нууц мэдээлэл нь ирээдүйд тэдэнд ямархан хэмжээний хор уршиг дагуулахыг хэн ч таашгүй.
Буддын шашны 600 сүмтэй Монголд Христын шашны 6000 сүм бий. Үүнээс гадна шашны зөвшөөрөлгүй ч шашинтай төстэй үйл ажиллагаа явуулдаг газрууд мөн “Гүүд Нейборс Монгол” ТББ шиг хүүхдээр бизнес хийж байгаа газрууд олон бий. Хэдхээн жилийн дараа монголчууд бид “Шашны номлогчдыг анх ирэхэд Африкчууд бид газартайгаа, харин тэд Библитэйгээ л байлаа. Тэд бидэнд хэрхэн нүдээ аниад залбирахыг л зааж өгсөн. Тэгээд биднийг дараа нь нүдээ нээхэд тэд газартай, харин бид Библитэй л үлдсэн байлаа” хэмээн хэлсэн Кени Улсын Ерөнхийлөгч асан Жомо Кеняаттагийн үгийг давтан хэлээд сууж байх юм биш биз. Үүнээс өмнө бид өгсөн болгоныг буянд тооцон сарвайхаасаа өмнө аль зүгээс ямар өнгийн юм хийсэн ирж байгааг харчихдаг болохсон.