Saturday, April 1, 2017

Хамаргүй эмгэнийг шоглож зураад 10 жил галзуу солиотой явжээ

Ямандаг бурханы элч гэж өөрийгөө өргөмжилдөг Бүрэн хэмээгч хамаргүй чавганц айлаас айл дамжин хоног төөрүүлж явдаг байлаа. Тэр өөрийгөө мэргэн хүн гэдэг бөгөөд хиртэй хар уутанд дөрвөн шагай хийж явдаг аж. Орсон айлынхаа галын дээд тал руу нөгөө дөрвөн шагайгаа хаячихна. Ёстой юм шиг тэр шагайнууд нь дөрвөн бэрх тусдаг ба эмгэн тэр шагайныхаа байр байдлыг шинжин харж тэр айлын хувь заяа, олз омог, амьдралд нь гарах өөрчлөлтийг түгдэрсэн юмгүй хэлж өгдөг аж. Бүрэн чавганц сумын төвд ирэхэд хүүхдүүд бид ёстой л эвэртэй туулай үзсэн юм шиг шоглож, энд тэндээс нь барьж үзэх шахна. Тэр энэ зэргийн юмыг тоодоггүй байлаа. Харин Цэрэнгомбо багшийн хүү онц сурлагатан Дэмбэрэлцэрэн гэрт нь орсон түүний нүүр рүү харж байгаад зуржээ. 

Ер нь адилхан зурсан байв. Эмгэний хамар нь нармийж унасан, гүн худгийн ёроолд ёлтгонох ус шиг холоо гялалзах хөнхөр нүд зэрэг онцлогийг нь шог зураач шиг элэглэн зурсан байж. Тэгэхэд Дэмбэрэлцэрэн хүү “Энэ тантай адилхан байна уу?” гэж асуужээ. Эмгэн зургийг авч хаяад “Сүнсээ түймэр” гэж амандаа бувтнажээ. Харин Дэмбэрэлцэрэнгийн аав, ээж нь молхи чавганцын юу хэлснийг тоосонгүй. Харин ч хүүгийнхээ тал бүрийн авъяасыг бахадсан маягтай байжээ. Бүрэн чавганц хойморт буусан дөрвөн бэрхээ хурдан хурааж, хар уутандаа хийгээд цай ч амсалгүй гарч оджээ. Гуйлга гуйж амь зогоодог тэр тэнэмэл чавганц нүүр өгч, аяга цай барьсан хүнээс ганцхан удаа зөрж нэрэлхсэн нь тэр байв.
 
Дэмбэрэлцэрэн хүү өөрийнхөө уран бүтээлийг үеийнхэндээ үзүүлж, үзэх сонсох юмгүй бяцхан суурингийнхаа хэмжээнд урлагийн од болж, тэр өдрийг сайхан өнгөрүүлжээ. Тэр шөнө Дэмбэрэлцэрэн хөнжлөө хуу хаман шидээд орилж чарлан босч ирснээр сэтгэл мэдрэлийн өвчтэй болжээ. 14-хөн настай хүү ямар зовлон зүдгүүр, амьдралын хатуу хүтүүг үзэж, сэтгэл санааны хямралд орсондоо галзуурах билээ. Бүрэн чавганцыг л шоглож зурсанаас боллоо гэж аав, ээж тэнэмэл чавганцыг гэртээ урьж, цайлж дайлан гарыг нь цайлгах гэсэн боловч тэр зөвшөөрсөнгүй. “Аальгүйгээс хамаргүй нь дээр...” гэж гуншигнан хэлээд явчихжээ. Авъяастай, сурлагатай Дэмбэрэлцэрэн хүү 10 жил галзуу солио өвчтэй байгаад Бүрэн чавганцыг нас барсны дараа нэг л өдөр зүв зүгээр болсон гэдэг. 

Бүрэн чавганцын талаар хүмүүс олон л юм ярьдаг байсан. Түүнийг нас барахад мэргэний шагайг нь санамсаргүй олсон хүүхдийн гэрт шөнө дөлөөр орж ирээд суучихсан байдаг байсан ч гэлцдэг. Хүмүүс Бүрэн чавганцыг оршуулсан газрын хавиар өнгөрөхдөө нүүр буруулдаг байж билээ гэж Дарь-Эхэд амьдардаг Шараваа ярьсан юм.