Friday, January 20, 2017

ЭЭЖ ОХИН ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НҮДНИЙ ХАРЦААРАА ХӨДӨЛГӨЖ БАЙЖЭЭ

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн авилгалын хэргийг шалгаж байгаа тусгай албанаас Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Жонг Ху Сон-оос дахин байцаалт авсан байна.
   Тэрээр Ерөнхийлөгч Пак Гын Хе бусдын нэр дээрх гар утасны дугаарыг эзэмшиж байсан эсэх талаар мэдүүлэг өгөхдөө "Ерөнхийлөгч ажил ихтэй байдаг тул хурал зөвлөлгөөн, ажлын уулзалтын үеэр албан ёсоор ашигладаг гар утсаа унтраадаг байсан. Тиймээс би Ерөнхийлөгч Пак Гын Хе-д хэрэглүүлэхээр өөр утас өгсөн ба бусдын нэр дээр нээсэн утасны дугаартай гэж хэлээгүй тул тэрээр мэдээгүй хэрэглэсээр байсан. Харин төлбөрийг нь би хувийн зүгээс төлдөг байсан" гэж хэлжээ.
    Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албанаас Ерөнхийлөгч Пак Гын Хе ийм утас хэрэглэж болохыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн санаачилсан хэмээн үзэж байгаа юм байна.
    Учир нь тэрээр өөрийн эгчийн хүүхэд болох, эдүгээ түүнтэй хамт авилгалын хэргээр түр саатуулагдаад байгаа Жонг Ху Ши-д захиалан утасны дугаар нээлгүүлсэн ба энэхүү дугаар бүхий утсыг Ерөнхийлөгч Пак Гын Хе-д түүний туслахаар дамжуулан өгсөн ажээ.
    Солонгос улсад бусдын нэр дээр утасны дугаар нээлгэх, эзэмших нь хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд хэрвээ энэхүү хуулийг зөрчвөл 3 жил хүртэл шоронд суух болон 100-н сая вон хүртэлх мөнгөн торгууль оногдуулдаг ажээ.