Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан
Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг
дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон
“Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг
“Монголиан коппер корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг
иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн
санал,
дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
Ш.Раднаасэд өчигдөр /2017.01.24/ танилцуулсан билээ.
Тус танилцуулгаас харахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг
худалдаж авсан мөнгө нь хууль бус эх үүсвэртэй байсан гэдгийг харуулж
байгаа юм. Тодруулбал, олонд “Сахал” хэмээх хочоороо танигдсан
Д.Эрдэнэбилэг гэгч этгээд дээрх 49 хувьтай холбоотой болж таарсан.
Түүний хувьд Улаанбаатар банкны 99.99 хувь болон Худалдаа хөгжлийн
банкинд хувьцаа эзэмшдэг.
Анх УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн оросын талын
49 хувийн хувьчлал хийгээд тус үйлдвэрийн улсад төлдөг байсан татвар 284
тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг болтлоо буураад байгаа учир битүүлэг,
анхаарал татсан хуйвалдааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна гэдгийг
зарласан. Тэрбээр хэлэхдээ, "Энэ бүх ажиллагааны цаана ХХБ, Улаанбаатар
хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг
нь Улаанбаатар хотын банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр
тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа
Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV
цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна.
Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой.
"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр
нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв
гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг
цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй" гэсэн байдаг.
Түүнчлэн Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Өнөөдөр 27 настай хүүхэд
Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа
хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү гэж тодотгосон байдаг. Тэгвэл
Хууль зүйн байнгын хороонд танилцуулагдсан мэдээллээс үзэхэд 745 тэрбум
төгрөгийн хөрөнгө, 50 тэрбумын дүрмийн сантай Худалдаа хөгжлийн банк
хууль зөрчиж, Эрдэнэтийн 49 авах мөнгийг бүрдүүлэхэд оролцсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Эрдэнэт үйлдвэр болон
Монголросцветмент ХХК-ийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400 сая
ам.доллар буюу 900,2 тэрбум төгрөг буюу гол хувьцаа эзэмшигчдийн
хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгожээ. Энэхүү 400 сая
ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,3
дахь хэсэгт заасан "Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нь тухайн банкны
өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй" гэсэн заалтыг зөрчсөн.
Ингэхдээ хууль зөрчөөгүй юм шиг харагдуулахын тулд Худалдаа хөгжлийн
банкны хувьцаа эзэмшигч болон түүний удирдлагад шууд ажилладаг
ажилтнуудын байгуулсан компаниудаар халхавч хийх хэлбэрээр 68-70 сая
ам.долларын зээл олгож эдгээрийг Монгол зэс корпорацид шилжүүлсэн
байдаг. Үүнээс гадна Монгол зэс корпорацид зээл олгохдоо Эрдэнэт
үйлдвэрийн 49 хувийг барьцаалсан. Учир нь О.Орхон өөрийн нэр дээр 49
хувийг барьцаалж зээл авсан нь Банкны тухай хуулийн 3,1,2 дахь заалтыг
зөрчсөн гэсэн үг.
Тэгвэл Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны хувьцааны
93-99 хувийг мөнөөх Д.Эрдэнэбилэг эзэмшиж байгаа бөгөөд Банкны тухай
хуулийн 36 дугаар зүйлийн 36,12 дахь хэсэгт Банкны саналын эрхтэй нөлөө
бүхий хувьцаа эзэмшигч түүнтэй холбогдох этгээдүүд өөр банкны саналын
эрхтэй хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэж заасныг “Сахал”
Д.Эрдэнэбилэг гэгч өдийг хүртэл зөрчиж байна.
Тэгэхээр хууль
зөрчиж зээл олгосон Худалдаа хөгжлийн банкны тусгай зөвшөөрөлтэй ярих
хэмжээнд асуудал үүсчихсэн юм биш үү. Хууль зөрчсөнөө Монголын мөнгөөр
Монголын өмчийг худалдаж авсан болгож “энхийн тагтаа” дүр эсгэж байгаа
“Сахал” Д.Эрдэнэбилэгт ч мөн төр төмөр нүүрээ харуулах цаг болсон
баймаар. Түүнчлэн Улаанбаатар жилийн цэвэр ашиг 20 гаруй тэрбум төгрөг
хүрдэг Улаанбаатар хотын банкны 99.99 хувийг эзэмшдэг "Сахал"
Д.Эрдэнэбилэг гарынхаа салаагаар баруун зүүнгүй цацаж байгаа энэ их
мөнгийг ямар замаар, хаанаас, хэрхэн олдгийг ч цагдаа, Авлигатай тэмцэх
газар нь шалгах хэрэгтэй биз ээ.