Нэгэн гэгээн сайхан мэдээ цахим орчинд тарж буйг бид өнөөдөр онцоллоо. “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд төрсөн эцгийнхээ халамжинд өсөж буй аж. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” хэмээн бор гэртээ цэмцийж суусан тэр бүсгүйн дүр төрх, үг үйлдлийг одоо ч хүмүүс дурссаар байдаг. Хөвгүүдэд юу тохиолдсон бэ?
"Танайд хоноё" шилдэг нэвтрүүлэг байж чадсан. Б.Тунгалаг бүсгүйн хөвгүүд аавынхаа асрамжид өсч байна
ХОЁР ХҮҮ НЬ ААВЫНХАА АСРАМЖИНД ХАМТДАА АМЬДАРЧ БАЙНА
Одоогоос долоон жилийн тэртээ Тунгалаг бүсгүй хүнд өвчний улмаас хоёр бяцхан хүүгээ орхин хорвоогоос буцсан. Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хатуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийн маргааш “MN 25 дугаар суваг” телевиз дээр бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогссон. Гуравхан цагийн дотор 10 сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон. Архи уудаг хэцүү нөхөд ч “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлан Тунгалаг бүсгүйд 100 төгрөг гэлтгүй байгаа мөнгөө өгч байсан ажээ.
Сэхээний орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй бүсгүй “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдсаныг бодох тусам сэтгэл эмтрэх. “Над шиг мянга мянган Тунгалаг байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулъя. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж ярьж байсан нь түүний сүүлчийн мөрөөдөл хүсэл байж.
“Үхтэл үр харам” гэдэг. Бүсгүй эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэж байхдаа “Миний хоёр хүү гэртээ байгаа. Хүмүүсээс цэцэрлэгт явуулах уу, сувилалд байлгах уу” гэсэн саналууд ирсэн. Одоохондоо зөвшөөрөөгүй. Хамгийн гол зорилго маань эдгэрэх учраас хоёр хүүгээ одоохондоо гэртээ байх нь дээр гэж үзээд хүн гуйгаад харуулж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаа болохоор эдгэрээд ирнэ гээд л хүлээж байгаа байх” хэмээн санаашран өгүүлсэн гэдэг. Зовлонт амьдралын хатуу буулганд цөхрөөгүй Тунгалаг бүсгүй монголчуудынхаа өрөвч нинжин, өгөөмөр сэтгэлд гүнээ талархсан байдаг.
-ХӨВГҮҮД ХЭДИЙНЭ ТОМ БОЛЖЭЭ-
Өвчиндөө шаналавч үр хүүхдэдээ түүнээ үзүүлэхийг хүсээгүй бүсгүйн хүүхдүүд өсч том болжээ. Уг нь Тунгалаг бүсгүй хүүхдүүдээ асрамжийн газарт өгнө гэж ярьж байсан аж. “Бусдын хүүхдүүд болж л байна. Миний хүүхдүүд ядаж өөрийнхөөрөө өсөг дээ, тэнд” гэж хүсч байж. Дөнгөж зургаа, наймхан настай ээжээсээ хоцорсон жаахан хөвгүүд өнөөдөр аавынхаа асрамжид эрүүл саруул өсч торниж буй юм байна. Тунгалаг бүсгүйг өөд болсны дараа жил аав нь хөвгүүдээ халамжиндаа авч, сайн хандаж, хүний зэрэгт хүргэнэ гэж амласан гэдэг.
Ээжээсээ өнчирч хоцорсон хөвгүүд хаана, хэрхэн амьдарч байгаа талаар монголчууд сураг чимээ тавьж суудаг. Өнөөдөр талийгаачийн хоёр хүү хотын захын гэр хороололд аав, өвөө, эмээтэйгээ даруухан амьдарч байгаа аж. Эхнэрээ хүнд өвчтэй үед хоёр нялх хүүхэдтэй нь орхиод явсан аав хөвгүүдээ хэнээс ч дутахгүй хайрлаж, өсгөж буй юм байна. Том хүү нь 15 настай. Харин дүү нь 12 нас хүрсэн.. Хоёулаа нэг сургуульд сурдаг, аавынх нь аав буюу өвөө нь тэдний сургуульд ээлжийн жижүүр хийдэг аж.
Тунгалагийн том хүү үг дуу цөөтэй, их дөлгөөн, хэрсүү, ухаалаг агаад басхүү гомдомтгой, зөөлөн талдаа гэнэ. Тооны хичээлдээ их сайн, математикийн олимпиадад амжилттай оролцдог. Сургуулийнхаа авьяаслаг сурагч медалиар шагнуулсан байна. Сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Өөрөө эмч болно гэж ярьдаг аж. Дүү нь ахыгаа бодвол хөдөлгөөнтэй, сэргэлэн, их сахилгагүй гэнэ. Бөх болно гэж ярьдаг. Хөвгүүд хоорондоо их сайн. Эмээгийнх нь бие тааруу, өвөө нь л голдуу хоёр хүүдээ анхаарал халамж тавьж, олон жил хань бараа болж явахыг илүүтэй хүсч яваа ажээ.
Аав нь ганц бие яваа гэнэ... Эр нэг алдаа л биз. Эргээд хүүхдүүддээ очих сэтгэлийн тэнхээтэй байсан нь л чухал. Одоо хүүхдүүд төрсөн эцэгтэйгээ байгаа болохоор ээжийгээ санагалзах нь харьцангуй бага байгаа биз ээ. Гол нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадаж гэмээнэ амьдралд хоргодон хоргодон буцсан Тунгалаг бүсгүйн хүсэл биелэх билээ.