Saturday, January 28, 2017

ГАНЦ ЗААЛТ: Төрийн албыг давхар дээлжүүлэх Ж.Мөнхбатын холион бантан


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан /2017.01.04/-аар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр нэг өдөр зоосон байв. Тус хуралдаанд Ардчилсан намаас Л.Болд гишүүн ганцаараа суусан юм.

Хэлэлцэх асуудлын эхэнд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эрэмбэлэгдэж таарсан. Гадаад хэргийн (хуучнаар) сайдын алба хашиж явсан Г.Занданшатар, Л.Болд, дэд сайд асан Н.Оюундарь, өнөөгийн Ц.Мөнх-Оргил нарын дунд 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөр төлөхийн тулд дөрвөн чухал байршил дахь  дипломат төлөөлөгчийн газраа татан буулгалаа гэх маргаан хурцаар өрнөсөн юм.

Бүр дараагийн асуудлаа хэлэлцэж эхлээд байхад нэгэн рүүгээ гар хуруугаа зангаж, суудлынх нь дэргэд очин маргалдсаар байв. Энэ бүх сунжирсан маргаанд оролцохгүйгээр  хуралдааныг орхин гаралгүй тэвчээртэй хүлээж суусан гишүүн бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байв.

Тэрээр дээрх хуулийн төслөөс улбаатайгаар Ц.Мөнх-Оргил, Л.Болд нарын маргаан дундуур Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг дуржигнатал уншиж, гишүүд ч бодож цөхөх юмгүй хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжээд өнгөрсөн. Асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй юм.
Энэ нь УИХ дахь АН-ын бүлэг намын даргын сунгаанаас үүдэж бүлгээр уг асуудлыг хэлэлцэж амжаагүй байсан үе ч таарсан. Мөнхүү тэр өдөр сөрөг хүчнээ төлөөлж хуралдаанд оролцсон Л.Болд гишүүний анхаарал зөвхөн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр тогтож таарав. Ингэж уг хуулийн төсөл  байнгын хороогоор хэлэлцэгдэхээр дэмжигдсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг тэр өдрийн хуралдааны уур амьсгалаас үүдэж хэн ч сонирхож хараагүй гэж болно.

 -20 ХОНОГИЙН ДАРАА “НУХАА”-Г НЬ ОЛЖ ХАРАВ-

УИХ-аар хэлэлцэгдэхээр (2017.01.19) дэмжигдэж, байнгын хорооны хуралдаанаар (/2017.01.24) анхны хэлэлцүүлэг хийх үед сөрөг хүчнээс хууль санаачлагчдад нь буцаах санал гаргав. Үндсэндээ 20 хоногийн дараа сөрөг хүчнээс “Ер нь болохгүй хуулийн төсөл орж ирлээ” гэдгийг анзаарч, өлгөж хэлсэн гэж дүгнэж болох. Нөгөө талдаа намын даргын сунгаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн АН-ынхны бужигнааныг эрх баригч нам ингэж овжноор ашиглаж байгаа юм.
Засгийн газраас холбогдох хуулинд нь ердөө ганцхан заалтаар өөрчлөлт оруулахаар тусгаж өгсөн. Тэр нь “10.5. Энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно.”
Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй” гэсэн тайлбар нэмэлтээр оруулна.

Ердөө нэг заалт, нэг тайлбар өөрчлөгдөнө. Гарах үр дүн нь аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бодлого тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр холилдож, орон нутагт давхар дээлтнүүд үй олноороо бий болно. Өөрөөр хэлбэл, нийт 45 мандаттай нэг аймгийн иргэдээ төлөөлж сонгогдсон төлөөлөгчдийн 15 нь төрийн захиргааны албанд ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Төрийн захиргаанаас цалин авангаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болно гэдэг бас л хэцүү асуудал. Гүйцэтгэх засаглалд иргэдээ төлөөлсөн төлөөлөгчид хяналт тавих механизм эвдэгдэх нь ч тодорхой.

Сөрөг хүчнээс Б.Пүрэвдорж гишүүн “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хуулийн төслийг буцаах горимын саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны хуралдаан дээр тавьсан юм. Мэдээж эрх баригч намын гишүүд Б.Пүрэвдорж гишүүний саналыг 100 хувь дэмжээгүй. Улмаар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх байсан ч Б.Пүрэвдорж гишүүний санал болон Ерөнхий сайд УИХ-ын даргатай энэ асуудлаар зөвшилцөж байгаа гэх шалтгаанаар түр хойшлуулав. Гэхдээ энэ хуулийн төсөл батлагдахгүй гэх ямар ч үндэслэлгүй билээ.

 -ЭЦЭСТ НЬ-

Иргэдийн төлөөлөгчид нь сум дүүрэг, аймаг нийслэлийн засаг дарга нарыг дур зоргоороо авирлахыг хазаарлаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, сонгогч иргэдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.
Харин төрийн захиргааны албан хаагч буюу төрийн жинхэнэ албан хаагч нь нээлттэй өрсөлдөөн, сонгон шалгаруулалтын замаар томилогддог, мэргэшсэн албан хаагчид байх ёстой билээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн өөрчлөлтөөр бол сонгуулийн үр дүнд тодордог иргэдийн хурлын төлөөлөгчийг төрийн мэргэшсэн албан тушаалтны ажлын байранд нэгтгэх эрх зүйн орчин үүсэхээр байгаа юм.


Эх сурвалж: Medee.MN