Thursday, January 26, 2017

С.Эрдэнийг намын дарга болгож ШОРОНД орсон хойно нь намаараа эргэх үү

Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар болж өдгөө нэр дэвшигчид монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзсанаар хөдөө орон нутаг дахь уулзалт  үндсэндээ өндөрлөж байгаа юм. АН-ын даргад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар нэр дэвшээд буй. Нэр дэвшигч бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, намын гишүүддээ багагүй танигдсанаас гадна С.Эрдэнийг эс тооцвол нэр цэвэр нөхөд гэж хэлж болно.
Баянгол дүүргийн "Ван" гэгдэх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэр хэлсэн үгэндээ “Би АН-ыг байгуулагдсан тэр цагаас эхлээд өдгөө 26 жилийн турш энэ намыг алдаж онох бүрт нь хамт явлаа. Энэ сонгуулийг бидний дотоодын тэмцэл өрсөлдөөн гэж битгий хараасай. Энэ бол  шинэчлэлийн төлөө  хийж байгаа бидний хамтын ажиллагаа юм шүү. Бидний хэн нь ч ялсан бай, би ардчилсан намынхаа шинэчлэл ирээдүйн төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх болно" хэмээсэн.
Үнэхээр тэр ийн  хэлсэн шигээ эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх хүн мөн эсэх нь тун ч эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаад С.Эрдэнэд  эх оронч гэдгээ батлан харуулах боломж  байхгүй байсан уу гэвэл бас үгүй.Харин ч  харлуулсан зүйл цөөнгүй хийсэн.
"Муу нэрийг хусавч арилахгүй" гэх үгийг Монголчууд санаандгүй ч нэг хэлээгүй биз ээ. Өдгөө УИХ-д суугаа Нийгмийн хамгааллын сайд асан, АН-ын шинэчлэлийн буухиад өрсөлдөж буй С.Эрдэнэтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд түүнийг дагасаар л буй. Арга ч үгүй биз. "Хэрэг хуучирдаггүй" хойно мөнхөд дагаж явах балаг нь болох  нас барсан иргэдийн нэрээр тэтгэврийг  авч нийгмийн даатгалаас мөнгө завшсан гэх хэрэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын санг хувийн данс шигээ ашигладаг, төрийн мөнгөөр амралт барьдаг түүний увайгүй  үйлдэл нь засаг солигдлоор дуусгавар болсон юм.

 Нийгмийн даатгалын мөнгөөр ийн дургисан  С.Эрдэнэ өнгөрсөн намар  УИХ хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэх үеэр “Үхтэл үхэр буугаа тавихгүй” гэгчээр тус хуулийн төслийг дэмжихгүй буйгаа хэдэнтээ илэрхийлээд ч тусыг эс олов.  Түүнчлэн энэ үеэр  Ж.Энхбаяр гишүүнээс банга хүртсэн. Тэрээр “С.Эрдэнээ Монгол Улсын бүхий л дүүрэг, аймгийн Нийгмийн халамжийн газрын дарга нарыг өөрчилж байсныг санаж байна л даа. Бид одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байх юм. Удахгүй ил болно за юу. Нотолно, нотолчихно С.Эрдэнэ ээ. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна” хэмээн нэлээд бухимдангүй хэлж байсан цаг саяхан.