Friday, January 27, 2017

ШУУРХАЙ:ОХУ-ЫН ЭСЯ-НЫ УДИРДЛАГУУД УУЧЛАЛТ ГУЙЛАА

Дуучин С.Амармандахыг ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан зодсон гэх хэргийг олон улсын хэвлэлүүд онцолж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр эл асуудлаар С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд хандлаа.
Тэднийг 13:30 цагийн үед ОХУ-ын ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, эл асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна.
Дипломат төлөөлөгч холбогдсон гэх асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарал хандуулан ажиллаж байна.
Бид ямартай ч дуучин С.Амармандахаас ОХУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс уучлалт гуйх болно. Дипломат төлөөлөгч холбогдсон гэх асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарал хандуулан ажиллаж байна. Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна" гэлээ.
Түүнчлэн энэ үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдсэн юм. 

Үүнээс гадна С.Амармандахын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дээрх асуудлаар УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нарт албан бичиг хүргүүлэх ажээ. Учир нь "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээг зохион байгуулагчид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд уулзаж, ярилцахаас зугтааж байгаа гэнэ. Тиймээс тэд ийнхүү ЭСЯ болон холбогдох байгууллагын удирдлагуудад хандаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэлтийг уламжилж байгаа юм байна.