Sunday, January 22, 2017

Ч.Санжаадамба: Олон жил түрүүлчих юмсан гэж бодож, мөрөөдөж, зүтгэж явсан бол

Наймын даваанд л хамгийн хүнд барилдаан болсон...
-Аварга бэлтгэл сайхан уу? Саяхан болсон нутгийнхаа барилдаанд үзүүрлэлээ, сэтгэгдэл ямархуу байна?
-Бэлтгэл дажгүй дээ. Алдаг оног хийгээд л явж байна. Яг сайн жигдэрээгүй л байна. Он гаргаж байж л жигдэлнэ дээ, бэлтгэлээ.
Нутгийн маань бөхийн дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ой, улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан сайхан боллоо. Нутгийнхаа сайхан арслантай түрүү булаалдаж үзүүрлэлээ. Би 2006-2007 оноос Бөхбилэгт дэвжээтэйгээ холбогдсон. Тэрнээс өмнө Замчин клубт Дүвчин багштайгаа бэлтгэл хийж эхэлсэн. Бас Говь компаний Хасар бөхийн клуб гэж байлаа. Тэнд бас хичээллэж байсан. 
-Энэ намар их цөөхөн барилдах шиг боллоо?
-Харин тэглээ. Найр наадам гээд зав зай муутайхан яваад байлаа. Гэхдээ бэлтгэлээ бага багаар хийж байсаан. Саяхнаас л эрчимтэй хийж эхэлж байна. Удахгүй жигдэрээд сайхан болно оо. 
-Мөн ч олон жилийн хүлээлт тайлагдаж, та энэ жил аварга боллоо?
-Ерөнхийдөө олон жилийнхээ алдсанаа нөхөх боломж байсан л даа, миний хувьд. Олон бөх цол нэмээд миний дээр гарчихсан байсан. Энэ жил л хамгийн том боломж, хичээж барилдахгүй бол болохгүй гэж бодож хичээсэн. Санасандаа хүртэл сайхан барилдаж чадсандаа баяртай байгаа. Төрийн наадмын даваа болгон хүнд байдаг. Даваа болгондоо хянуур сайхан барилдсаан. 
Бөхийн чансаа гэж өөр юм. Заан цолондоо багтаж ядан байсан Ч.Санжаадамба аварга, арслан цолыг нэг наадмаар хүртэж, бөх сонирхогчдын олон жилийн хүлээлтийг тайлж, цэнгэлийн манлай болов. Түүний ямар хүчтэй өрсөлдөөнөөс сугаран гарч ирснийг наадамчин олон “Байх ёстой байрандаа, очих ёстой цаг хугацаандаа хүрлээ” хэмээн тайлсан. Тэр ард түмний сэтгэлийг дүүртэл сайхан наадсан. Дахиад олон наадам, олон даваа түүнийг хүлээж буй...
-Эргээд бодоход хамгийн хүнд даваа аль даваа байсан бол...?
-Наймын даваа л байсан даа. Оюунболд арслантай тунаж барилдсан. Бусад нь гайгүй ээ.
-Бяртай, иртэй залуу арслан. Бас түрүү бөхийн тааварт бас яригдаж байсан бөх?
-Харин тийм. Өнгөрсөн жилийн түрүү бөх. Нас залуу, тэсрэлттэй барилддаг. Дээр нь бяртай. Тэр барилдаан л нэлээд хүнд байсан даа. Бас үзүүр түрүүний барилдаан амар байгаагүй. 
-Тавын даваанд бас ам авах гээд нэлээд бодох шиг болсон...?
-Харин их хэцүү юм билээ. Өмнө жилүүдэд туршлага дутаад ч тэр үү, бас найз нөхөд, таньдаг мэддэг хүмүүстэй ч нэг их зөвлөлгүй өөрийнхөөрөө “заза” гээд л шууд гараад авчих үе байсан. Энэ жилийн хувьд өөрөө дээшээ үзнэ гэж бодсон учраас тавын даваанд Отгонбаатарыгаа хүртэл авсан. Яалт ч үгүй л авсан даа. Хүн амжилтын төлөө өөрийгөө л бодохоос болохгүй ш дээ. Ер нь хэцүү байсан шүү, ам авах...Надад хоёр л сонголт байсан. Би Дэлгэрсайхан, Отгонбаатар хоёроос Отгоог авсан л даа