Monday, January 23, 2017

Ж.Батзандан Хятадын мафийн “өмгөөлөгч” байсан гэв үү

Одоогоос 13-н жилийн өмнө буюу 2004 оны намар улсын хилээр 23 килограмм алт хууль бусаар гаргахыг завдсан Ван Шао Линий үйлдэл илэрснээр Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Тан-Луу" компанийн гэх хавтаст хэрэг нээгджээ.
Дээрх компанийг шалгах явцад хууль бусаар галт зэвсэг болон хүчтэй тэсрэх бодис их хэмжээгээр хадгалж байсан төдийгүй цагдаа хүчний байгууллагынхны тухай 50 хуурцаг нууц бичлэг хийсэн нь илчлэгдсэн байдаг. Мөн ангийн болон хийн зориулалттай тус бүр гурван бууг цагдаа, тагнуулынхан илрүүлж байв.
Ван овогт Монгол дахь Хятадын хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийн байнгын хорооны гишүүн, үйлчилгээний салбарын дарга, "Бизнес холбоо" төвийн салбар хариуцсан захирал байжээ. Манай улсад анх 2001 онд жуулчлалын шугамаар орж ирсэн хэмээн тухайн үед мэдүүлж байжээ.
Холбооных нь шугамаар урд хөршөөс бизнес эрхлэгчид хийгээд Хөх хотын цагдаагийн дарга нар ирж манай цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзаж хамтарч ажилладаг байсан юм билээ.
Энэ үед "Тан-Луу"-гийн эзэн тэднийг хөдөө гадаа дагуулан аялуулж танилцуулах арга хэмжээ зохион байгуулна. Ингэхдээ тэрбээр цагдаагийн байгууллагын нөлөө бүхий албан тушаалтай эрхмүүдэд хүүхэн олж өгч зугаацуулдаг байсныгаа нууцаар бичиж авчээ гэх мэдээлэл тухайн үеийн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр, нийслэлд сауны газар, "Шинэ төгрөг" банк бус санхүүгийн байгууллага, "Тан-Лун" ресторан байгуулан ажиллуулж байсан этгээд хууль бус зарим бизнесээ явуулахын тулд цагдаагийнхныг рекетлэх, гартаа атгах санаа агуулж дээрх нууц бичлэгийг хийсэн байж магадгүй гэсэн таамаг өнөө хэр яригддаг.
Гэтэл “Тан-Луугийн хэрэг” нам дарагдаж сөрөг мэдээллvvд гарч эхэлжээ.
Өнөөх ноцтой бичлэг бvхий хуурцагны тоо 50 биш, гуч болоод, сvvлдээ 20 болоод сураг нь алдарсан гэдэг. Өчнөөн олон хvн “Тан-Луу”-д алт нийлvvлж байсан гэдэг анхны мэдvvлгээсээ буцаж, шvvгдэгчид алт нууцаар гаргах гэж байгаагvй, тэр машинд хэн, хаанаас алт хийчихсэн нь тодорхойгvй болоод, хадгалж байсан галт зэвсэгvvд нь манаа харуулын хэрэгсэл болж, өнөөх химийн хортой бодис нь “хоргvй”, бараг л идэж уучихсан ч болмоор юм шиг тайлбарлагдаад “Тан-Луу”-гийнхан энхийн цагаан тагтаа шиг инээлдэн гарцгааж байжээ.
Харин тэр үед Хятадын томоохон мафиудын нэг гэгдэх тэдэнтэй одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан толгой, сээрээрээ холбогдсон төдийгүй “Тан-лун” рестораны хятад эзэдтэй хамтдаа байрладаг байсан нь илэрсэн гэдэг.
Тэрбээр 2004 оны дөрөвдүгээр сард “Гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” нэртэй ТББ байгуулсан байна. Тус нийгэмлэгийн гол зорилго нь эрх нь зөрчигдсөн гадаадын иргэд тэр дундаа ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэдийн арх ашгийг хамгаалах, хууль ёсны эрхийг нь эдлүүлэхэд чиглэгдсэн гэх боловч үнэн чанартаа Монгол Улсад хамгийн их хууль зөрчдөг, гэмт хэрэг, зөрчилд холбогддог, орос, хятад, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн талд үйлчилснээр хялбар аргаар хувьдаа ашиг олно хэмээн тооцсоных байжээ.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан 1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн  сургууль, 1993-1999 онд Унгар улсын Будапештийн сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр төгсөж байжээ.
Тэрбээр 2004 оны үед О.Магнай, Г.Уянга, М.Ичинноров нарын хамт “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж,  “Би хэзээ ч УИХ-ын гишүүн болохгүй. Сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн ард олныг мунхруулж, жагсаж явсан түүхтэй.
Харин хэзээ ч гишүүн болохгүй хэмээн Сүхбаатарын талбай дээр ард түмний өмнө амлалт өгч байсан хүн өнөөдөр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод, Ардчилсан намын дарга болно хэмээн явж буй нь ичгэвтэр ч юм шиг.
Ж.Батзандан тухайн үед дээрх байдлаар гадны иргэдтэй харилцах, “Тан Лун” компанийн хууль бус үйлдлийг хаацайлах явцдаа 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг эсэргүүцэн улс төрийн шинжтэй эсэргүүцлийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэхүү жагсаалыг зохион байгуулахдаа гадны хөрөнгө оруулагч нараас санхүүгийн болон эд материалын дэмжлэг авч, байнга харилцдаг байжээ. 
Тухайлбал, 2004 оны яллагдагч Ван Шао Линыг хоригдсоны дараа тус компанийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон тоосгоны үйлдвэрийн борлуулалтаас хувьдаа мөнгө авдаг байсан.
- 2004 онд “Тан Лун” –ы гэх тодотголтой хэргийн холбогдогч БНХАУ-ын нэр бүхий иргэнийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд орогнуулахыг завдсан. Улмаар тус улсын Элчин сайдын яаманд тогтмол өдөр, оройн цагаар хэдийд ч байсан шууд нэвтэрдэг байсан.
- Ж. Батзандан нь “ЭНИХ”-ий штабыг “Соросын сан”-гийн байранд байгуулсан, мөн уг хөдөлгөөнийхөө санхүүжилтийн асуудлаар Унгар, Польш, Итали, Франц, Герман зэрэг орнууд руу байнга явдаг байсан.
- Тэрээр 2005 онд “Тан Лун” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудыг улс төрийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан зэрэг нь илэрч байжээ.
Харин Ганц худаг дахь урьдчилан хорих ангид нэг жил шахам хугацаатай саатуулагдсаны эцэст Ван Шао Лин болон түүний компанийн ажилтнууд болох Лин Гао Шинь, Бао Ган, Чэн Лун, Лин Жи Чан, Лин Юй Лунь нар Хан-Уул дүүргийн шүүхээс ял сонссон. Тэд Эрүүгийн хуулийн "Хууль бусаар алт   гаргасан, Хууль бусаар буу хадгалсан, Хүчтэй үйлчлэх бодис хадгалсан, Хууль бусаар олборлолт хийсэн" гэх дөрвөн зүйл ангиар энгийн дэглэмтэй хорих ангид 2.5-6 жил хоригдох ял 2004 онд авч байсан юм.
Биеэр эдлэх ялд цагдан хоригдсон хугацаа ордог учир тийн яллагдагчдын түрүүч 2007 оны 8 дугаар сарын дундуур суллагдаж, эх орон руу гаа буцсан байна.









www.breakingnews.mn