Tuesday, January 31, 2017

Хар тамхины хэргээр Малайзад шүүгдэх Б.Халиуныг Монголд авчирна

Хар тамхины зартай толгойлогч гэгддэг эгч, дүү Б.Хулан, Б.Халиун нар элэг нэгт монголчуудаа хуурч хар тамхи зөөлгөн, тээвэрлүүлж, олон хүнийг төмөр торны цаана оруулж, амьдын тамд унагасан. Тэднийг олон улсад эрэн сурвалжилсны дүнд дүү Б.Халиун нь хоёр жилийн өмнө Малайз улсын хууль хяналтынханд баригдаад одоог хүртэл хоригдож байгаа. Түүнд холбогдох шүүх хурал Малайзад удахгүй болох гэж байгаа ч түүнээс өмнө Б.Халиуныг эх оронд нь авчирч, эндэхийн шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх хүсэлтээ тус улсын хуулийн байгууллагад Монголын талаас тавьжээ.

Өөрөөр хэлбэл, элэг нэгтнүүдээ залилж мэхэлж хууль бусаар хар тамхины наймааны золиос болгосон түүнийг эх оронд нь авчирч шийтгэх ёстой гэж үзсэн гэнэ. Гэхдээ Ялтан солилцох гэрээний дагуу биш гэдгийг албаны эх сурвалж тодотгон хэлсэн юм. Ямартаа ч Б.Халиуныг эх оронд нь авчирч шүүхээр шийтгэх асуудал яригдаж байгаа бөгөөд удахгүй шийдвэр ирэх байх гэлээ.
Б.Халиуны хувьд хар тамхины хэргээр аль 2007 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрсөн эгч Б.Хулантайгаа гар нийлж, ганзага нийлүүлэн хууль бус наймаа эрхэлж, монголчуудыг хууран мэхэлж, худлаа хэлж ийм төрлийн гэмт хэрэгтээ уруу татаж, олон хүний амь амьдралыг хохироосон. Өнгөрсөн онд гэхэд Малайз улсад суралцаж байсан оюутан Н.Золзаяаг “хөлдөө чирсэн” бөгөөд шүүх Н.Золзаяаг гэмт буруугүй хэмээн үзэж суллаж, Б.Халиуныг цагдан хорьсон хэвээрээ байгаа юм.
Гэр бүлээрээ хар тамхины хууль бус наймаанд элсч, улс орон дамжиж бохир наймаагаа хийдэг бөгөөд тэд зөвхөн зохион байгуулагчид, харин тээвэрлэгч, гүйцэтгэгч нь мөнгөний төлөө явсан жирийн иргэд байгаад эцэстээ хохироод үлдсэн байдаг.

Тэд гүйцэтгэгч, тээвэрлэгч нартаа бараа хүргүүлэх зардалд 1500 ам.доллар өгч явуулдаг байжээ. Ийм мөнгөний тоо сонссон хүмүүс ямар бараа авч яваагаа мэдсэн хэрнээ баригддаг бол мэдээгүй явж байгаад Хятадын хууль хяналтын байгууллагд баригдаж, шүүхээс нь насаараа хоригдох ял сонссон иргэд ч цөөнгүй байгаа ажээ. Б.Халиуны хувьд “Хар гурвалжин” хэмээх том бүлэглэлийн толгойлогчийн төрсөн дүүтэй нь суусан гэдэг. Тэд Ази, Африк тивийн хэмжээнд томд тооцогдож, хар тамхины наймаагаараа газар авсан, асар их мөнгө хөрөнгөтэй том бүлэглэл гэнэ.