ХҮНД САЙХАН МЭДЭЭ ДУУЛГАХ ӨДӨР ИРДЭГ ЮМ БАЙНА-
Одоогоос
хоёр жилийн өмнө шунахайн гэмт хэргийн золиос болж, амиа алдсан “АПУ”
компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуягийн гэргий Б.Саруул гэх эмэгтэйн
чин сэтгэлийн ярилцлага манай сайтад нийтлэгдсэн билээ.
Тэрээр
нөхрийгөө өөд болсноос хойш гурван хүүгийн хамт амьдарч байгаа ба энэ
хугацаанд “АПУ-Трейдинг” компаниас зээлээр авсан барааны үнэ болох 31
сая төгрөгийг төлөхөөр хандивын тоглолт зохион байгуулж, монгол
түмнээсээ тусламж хүсч байсан юм.
Б.Саруулын
энэхүү ярилцлага нийтлэгдсэнээс хойш хоёр хоногийн хугацаанд түүнд
туслах хүсэлтэй олон иргэн, аж ахуйн нэгж холбогдож байсныг энд дурдах
нь зүйтэй.
Улмаар 11-р сарын 30-ны өдөр “АПУ”
компанийн зүгээс Б.Саруулыг хүлээн авч уулзан түүний төлөх ёстой 31 сая
төгрөгийн зээлийг цайруулахаар болсон гэх сайн мэдээг дуулгасан юм. Харин
өчигдөр буюу 12-р сарын 1-ний өдөр дээрх өрний барьцаанд байсан орон
сууцны гэрчилгээ бичиг баримтыг Б.Саруул болон түүний гэр бүлийнхэнд
хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Б.Саруул хэлэхдээ “Хүнд
сайхан мэдээ дуулах өдөр ирдэг юм байна. АПУ компани миний 30 сая
төгрөгийн зээлийг тэглэж, дүүгийн минь байрны ордер бичиг баримтыг
өглөө. Дүүгийн минь болон манай гэр бүлийнхэн маш их баяртай байна. 30
сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Миний нуруун дээрээс маш том ачаа авч
хаялаа. Энэ том ачааг авч хаяхад, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд
танай сайт маш чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ бүх зүйл болоход 100 хувь
биш юм аа гэхэд 80, 50 хувийн тус нэмэр болсон гэдгийг онцолж хэлье.
Цаашид гурван сайхан хүүтэйгээ сайн сайхан амьдарна” гэлээ.
“АПУ” компанийн 31
сая төгрөгийн зээлэнд Б.Саруул төрсөн дүүгийнхээ нэг өрөө байрыг
барьцаалаад байсан ба энэ сарын нэгний өдөр гэхэд уг зээлийг төлж
барагдуулаагүй тохиолдолд дээрх байрыг ШШГГ-аас хураахаар болоод байсан
юм. Харин өчигдөр түүний зээлийг тэглэхээр болж “АПУ” компаниас
31 сая төгрөг гаргаж Б.Саруулд өгсөн байна. Улмаар Б.Саруул уг мөнгийг
ШШГГ-т хүлээлгэн өгч дүүгийнхээ байрны гэрчилгээг авсан байна