Тэгвэл өнөөдөр монгол шар зурхайн тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-ний өдөр. Тэр ч утгаараа өөрсдийн итгэл үнэмшлээрээ цагаан сарын шинийн 1-нийг тэмдэглэж буй айл өрхүүд байгаа.
08.00 цагт Тасганы овоон дээр цагаан сарын шинийн 1-нийг тэмдэглэн уламжлал ёсоор зүг, мөрөө гарган идээ, будааны дээжээ өргөх иргэд олон байлаа.
Шинэлж буй зарим иргэдтэй уулзан цөөн хором ярилцсан юм.
-Зурхай зөрчихөөр иргэдийг хэцүү байдалд оруулчих юм аа. Хэзээ тэмдэглэх нь зөв үү гээд. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Наад зүйлийг чинь судлаад уншиж үзэхээр нэг нь 1200 оноос мөрдсөн Монгол шар зурхай. Нөгөөх нь Төв гандангийн баримталдаг буддын шашинтай хамт монголд нэвтрэн 200-гаад жил болж байгаа Төгсбуянтын зурхай. Гол ялгаа нь нар, сар, дэлхий, од, гариг чинь эргэлтээрээ зогсолтгүй явж байдаг. Гэтэл Төгсбуянтын зурхайд зарим өдрийг зогсоон зарим өдөр нь огт байхгүй болдог. Хамгийн их итгэл үнэмшилтэй байгаагийн учир нь хоёр гурван жилийн өмнө бас зөрөн тухайн үед телевизийнхэн нийлээд сүсэгтэн олны төлөөлөл, хоёр зурхай гаргаж байгаа зурхайчийг аван одон орон судлалын төв дээр битүүний орой очиж зураг авъя. Үнэхээр битүүний сар гардаг үгүйг нягтлая гэхэд Төгсбуянтынхан бүгдээрээ зугтаагаад алга болоод телевизийнхэн тойрч хайгаад Гандан, тэр бүү хэл гэрийнх нь хаалгыг хүртэл тогшоод тэднийг олоогүй. Энэ бүхэн надад их итгэл үнэмшил төрүүлсэн. Тэрийг ард түмэн мартаагүй байгаа байх гэж бодож байна. Ер нь зарим жилдээ тааран зарим жилдээ ийнхүү зөрдөг. Манай гэрийнхэн болон ах дүү, хамаатан садангаараа шар зурхайгаараа цагаан сараа тэмдэглээд нэлээд хэдэн жил болж байна.
"Хүүхдүүд л цагаа сараа тэмдэглэе гээд хамт ирлээ. Хүмүүсээс мэдээлэл аваад өнөөдөр тэмдэглэх нь зүйтэй гээд л шинэлж явна даа".
Нийслэл хот төдийгүй Ховд, Увс, Завхан, Дорнод, Өмнөговь аймгийн зарим сумдын иргэд ийнхүү шинэлж байгаа талаар Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай ярьсан юм. Тэрээр хөдөө орон нутагт эгчийндээ шинэлж байгаа аж.
Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр ингэж хэлсэн шалтгаанаа “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна.
Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн. Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна.
Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн.
Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдралынхаа турш буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна. Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд төрөх хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа жилтэй байх ёстой. Гэтэл Төгсбуянт зурхайгаар мичин жилтэй болж таарч байна.
Би энэ тухай 2004 оноос хойш ярьж байгаа. Энэ бүхнийг нотлоогүй, баримтжуулаагүй бол би үүнийг 20 гаруй жил ярихгүй байсан. Энэ бол судлагдаж, нотлогдсон зүйл” гэсэн юм.
Тэрбээр ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хийж байгаа нь хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ард түмэнд ойлгуулах зорилготой хэмээн тайлбарласан.