Tuesday, April 4, 2017

Санкт-Петербургийн метронд дэлбэрэлт болов

-ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС 11 ХҮН НАС БАРЖ, 45 ОРЧИМ ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ-
Өнгөрсөн даваа гаригт орон нутгийн цагаар 14:40 цагт ОХУ-ын Санкт-Петербург хотын "Технологийн дээд сургууль” болон “Сенная талбай” метро хоорондын замд дэлбэрэлт болсны улмаас 10 хүн нас барж, 50 орчим хүн бэртэж гэмтсэн талаар тус хотын захирагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Андрей Кибитов мэдэгдсэнийг ТАСС уламжлав.
Тэрээр хэлэхдээ "Дэлбэрэлтийн үеэр 50 хүн гэмтэж бэртсэн бөгөөд эмч нар туслалцаа үзүүлж байна. Одоогийн байдлаар түргэн тусламжийн 17 баг ажиллаж буй бөгөөд удахгүй хүч нэмэгдүүлнэ" гэж хэлжээ. Хохирогчдыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн байна.
Дэлбэрэлт болсны дараа буюу өнгөрсөн даваа гаригт Санкт-Петербург хотын захирагч Георгий Полтавченко дэлбэрэлтийн улмаас 10 хүн нас барж, 20 гаруй хүн бэртэж гэмтсэн хэмээн мэдээлсэн бол ОХУ-ын Үндэсний терроризмын эсрэг хорооноос есөн хүн нас барж, 20 хүн шархадсан хэмээн мэдээлжээ.
Агентлагийн мэдээлснээр, метроны замд үл мэдэгдэх тэсрэх бөмбөг идэвхжүүлсэн байсныг аюулгүй болгосон аж. ОХУ-ын Үндэсний терроризмын эсрэг хорооны дарга Андрей Пржездомскийн хэлснээр, Санкт-Петербургийн метроны буудалд аюулаас хамгаалах байгууллагууд шаардлагатай бүхий л арга хэмжээ авч ажиллаж буй ажээ.
Хотын эрх баригчид гурав хоног гашуудал зарласан байна. Дөрөвдүгээр сарын 3-нд Санкт-Петербургийн газар доорхи тээврийн бүх хэрэгсэл иргэдэд үнэгүй үйлчилсэн байна.
Хотын бүх метроны буудал хаагджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, “Технологийн дээд сургууль”-ийн метроны үүдэнд цэцэг өргөсөн талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо дэлбэрэлтийг халдлага байсан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм байна. Тус улсын Үндэсний терроризмын эсрэг хорооны мэдээгээр, өнөөдрийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 11 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртжээ.
Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэлжээ. Мөн тэрээр “Өглөө Москвагийн тэргүүлэх мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн яамныхантай видео хурал хийнэ” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Путинтэй утсаар холбогдож, Санкт-Петербург хотын метронд үйлдэгдсэн зэрлэг балмад террорист халдлагын улмаас хохирогчдын гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийллээ хэмээн Песков хэлжээ. Хоёр орны удирдагч терроризмын эсрэг хамтран тэмцэх чухал гэдэгт санал нэг байсныг тэмдэглэв.
НЭМЭЛТ: 09:58
-Энэ хэргийг Төв Азиас ирсэн, 20 орчим настай эрэгтэй үйлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
-Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев фэйсбүүк хуудастаа “Энэ дэлбэрэлт бол террорист халдлага” гэж бичжээ.
-Дэлбэрэлт үйлдсэнийг дэлхийн удирдагчид зэмлэн буруушааж, Оросын ард түмнийг дэмжиж, тэдэнтэй сэтгэл санаагаар хамт байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, Германы Канцлер Ангела Меркель үүнийг “харгис балмад хэрэг” гэжээ.
-Өдөрт хоёр сая гаруй хүн үйлчлүүлдэг Санкт-Петербургийн метронд өмнө нь халдлага дэлбэрэлт болж байгаагүй аж.
-ОХУ-д тээврийн хэрэгслүүд, өртөөнүүдэд халдлага дэлбэрэлт үйлдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, 2010 онд Москвагийн метронд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 38 хүн амь үрэгдэж байсан бол үүнээс нэг жилийн дараа Москва-Санкт-Петербургийн чиглэлд явж байсан хурдны галт тэргэнд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн амь үрэгдэж, 30 хүн шархдаж байжээ. Энэ хоёр халдлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл үйлдсэн аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ