Thursday, April 20, 2017

Өндөр настай иргэнийг зодож амь насыг нь хөнөөжээ

Энэ сарын 17-ны өдөр согтуу эр 60 настай иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Баянзүрх” хүнсний захын гадна үл таних этгээд согтуурсан үедээ бусдыг зодоод байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар очсон байна. Улмаар, цагдаа нарыг очих үед Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд оршин суух 60 настай Б.М гэх иргэн бусдад зодуулж ухаан алдсан байдалтай хэвтэж байсан аж. Эмч нар түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэж өгсөн байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдэж очоод удалгүй амьсгал хураажээ.

ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн эх сурвалжаас тодруулбал “4-р сарын 17-ны өдөр 60 настай Б.М гэх иргэнийг түргэний эмч нар хүргэж ирсэн. Өвчтөнг хүлээн авах үед ухаангүй байсан бөгөөд зүүн шанаан тус газраа битүү хавдар үүссэн байсан. Улмаар өвчтөнг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн” гэсэн юм. Харин өвчтөн сэхээн ухаан орохгүй байсаар нас баржээ. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 9-р хороонд оршин суух 38 настай Э гэгч согтуурсан үедээ шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн зүүн шанаанд нь нэг удаа цохиж унагаан гэмтээснийг илрүүлжээ. Хэрэг үйлдсэн гэх этгээд нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Тэр өдөр архи уусан байсан. Юу болсон талаар огт санахгүй байна. Талийгаачийг би таньдаггүй, өмнө нь тааралдаж байгаагүй” хэмээн мэдүүлжээ.