Зул
Сэтгүүлч Сүхээгийн Наранбаатар. Итгэхэд хэцүү юм гэдэг л энэ байх. Хайран сайхан залуу. “Өвгөөн” гэж тэр ярьдагсан.
Тэр асч байсан гал. Тэр намирч явсан туг.
Тэр цохилж байсан зүрх. Ингээд зогсчих юм гэж үү! Ингээд царцчих юм гэж үү!
Энэ зураг Монголын өчигдөрт ингээд үлдчих юм гэж үү!
Сэтгүүлч Сүхээгийн Наранбаатар эрх чөлөөний үнэнч дууч явсан юм. Тэр Монголын орчин цагийн телевизийн сэтгүүл зүйд туг нь байсан юм. Үнэнч нөхрөө дурсахад үг хүртэл цөөдөх юм. Арга ч үгүй биз. Хүрэл зүрх хүртэл хайлж байна шүү дээ.
Ачаа хүндрэх шиг болох чинь. Тэр их ачаа үүрч явжээ. Болох байлгүй дээ. Сүхээгийн Наранбаатарын бодож явсныг олон хүн бодож яваа болохоор. Түүний тэмүүлж, хийж бүтээх гэж явсныг олон хүн мэдэх юм хойно.
Сүхээгийн Наранбаатар ирээдүй рүү явчих шиг санагдана. Тэр урд яваа юм шиг бодогдоно. Босъё. Андынхаа хэлж явсныг санаж, хийж байсныг үргэлжлүүлье...
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ