Thursday, April 20, 2017

Ой есөн сартай хүүхдийг хүчирхийлжээ

Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 13-нд ой есөн сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ.  
   Нийслэлийн гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх газар дээр очиж энэ тухай тодруулахад "Манайд ийм мэдээлэл ирээгүй. Зөвхөн манайд хандаж ирсэн хүмүүсийн асуудлыг л шийддэг. Өдөрт манайд 5-6 хүн ирж гэр бүл хүчирхийллийн талаар зөвлөгөө авдаг. Зарим эрсдэлтэй тохиолдолд бид өөрсдөө арга хэмжээ авч байгаа. Сүүлийн үед гэр бүл хүчирхийллийн асуудал өсөх хандлагатай байна" гэлээ. 
 Хүүхэд гэр бүл хөгжил, хамгаалал газрын дарга Б.Алтанзаяагаас дээрх хэргийн тухай лавлахад "Гуравдугаар сарын 13-нд энэ хэрэг гарсан. Анх манай 108 утасны дугаарт хүүхэд хүчирхийлсэн хэмээн дуудлага ирсэн. Анх ой есөн сартай хүүхдийг гэхэд итгээгүй. Энэ нь хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдсэн хэрэг. Улирал солигдож, хавар болж байгаа болохоор сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчин хөдлөх тохиолдол их байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдол ганц нэгээр тогтохгүй, бүртгэгдэж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлж, гадуур тэнүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн хичээл эхлэх болон тарахад нь заавал тосч авч байх хэрэгтэйг анхааруулъя" гэв.
  Хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс саатуулан шалгаж байгаа аж. Хүчирхийлэлд өртсөн охин Эх Нялхсын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарчээ. Хүүхдийн ээж нь архинаас хамааралтай байх магадлалтай гэсэн мэдээлэл байгаа юм. 
  Одоогийн байдлаар хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна. Хэрэг шалгагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй аж. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол 108 дугаарын утсанд их ирж байгаа гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг дахин дахин анхааруулаад байгаа юм. 
   Гурав, дөрвөн жилийн өмнө гурван настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч нийгмийг цочирдуулж байсан. Тухайн үед Монголчууд ийм зүйл байх гэж гайхаж байлаа. Гэтэл өнөөдөр хүний санаанд оромгүй хэрэг гараад байна. Албаны хүний хэлж буйгаар иймэрхүү хэрэг гардаг боловч нийгэмд чимээгүйхнээр дарагддаг аж.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn