Wednesday, April 26, 2017

Хэргийн мөрөөр: Эмч нар хордлогод орсон хүүг хүлээж аваагүйгээс амиа алдлаа






Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг нэг айлын дөрвөн хүүхэд хоолны хордлогоор өвчилж, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг одоогоос 15 хоногийн өмнө гарсан билээ. Хүүхдүүд юунаас хордсон нь одоо хэр тодорхойгүй байна. Олны дунд “Үдийн цай”, дотуур байрны хоол эс бөгөөс өндөгнөөс хордсон зэрэг таамаглал хөвөрсөөр. Иймд бид энэ асуудлыг нэхэн сурвалжлахаар Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон юм. Өчигдөр 13:00 цагийн орчимд биднийг очиход тус сумын сургуулийн дотуур байрны гал тогоонд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийж байв. Байцаагчаас шалгалтын явцын талаар тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзаад гарч одсон юм. Энэ үед сургуулийн захирал А.Эрдэнэбатын өрөөнд хэрэг, явдалтай холбогдуулан шалгалтын комисс уулзалт хийж байлаа. Хэргийн мөрөөр: Эмч нар хордлогод орсон хүүг хүлээж аваагүйгээс амиа алдав уу Бид сургуулийн захирал А.Эрдэнэбатад ирсэн зорилгоо хэлээд, сурагчид юунаас хордож, нэг нь эндсэн талаар тодруулахад “Хүүхдүүд үдийн цайнаас хордсон эсвэл сургуулийн дотуур байрны хоолноос хордсон гэдэг нь одоогоор тогтоогдоогүй. Үүнийг шинжилгээний хариу гарахаар мэдээлнэ. Хордсон хүүхдүүдийн тухайд дотуур байранд суудаг, нэг айлын дөрвөн хүүхэд. Тэднээс бусад сурагчдад хордлогын шинж тэмдэг илрээгүй” гэх тайлбар өгсөн юм. Харин тус сургуулийн менежер Д.Оюунгэрэл “Сурагчид Үдийн цайнд хордсон тохиолдол өмнө нь манай сургуульд нэг ч удаа гарч байгаагүй. Манай сургууль зориулалтын гал тогоотой. Үдийн цай хөтөлбөрт 230 гаруй сурагч хамрагддаг. Бид тендерт ялсан компаниас гэрээний дагуу долоо хоног бүр шинэ хүнс хүлээн авч, гал тогоондоо бэлтгэн сурагчдадаа өгдөг” гэж байв. Удирдлагуудын өгч буй мэдээллээр хүүхдүүд үдийн цайнд хордоогүй гэнэ. Тэгвэл өөр өөр ангид сурдаг ах дүү дөрөв чухам юунд хордов. Тэд сургуулийн дотуур байрны хоолонд хордов уу. Гэхдээ яагаад бусад сурагчид хордоогүй байхад зөвхөн ах дүү дөрөв л хордов гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байна. Энэ мэтээс харахад хүүхдүүдийн ойрын эх сурвалжийн өгүүлсэнчлэн тэд гаднаас ямар нэгэн зүйл авч идсэний улмаас хордсон байж мэдэх. Гэхдээ энэ ердөө таамаглал төдий... Биднийг сурвалжлага бэлтгэх явцад нэгэн ноцтой мэдээлэл олдсон юм. -Ах нь хордлогод орсон гурван дүүгээ дагуулж, ЭМНЭЛЭГТ ХАНДСАН Ч...- Хэргийн мөрөөр: Эмч нар хордлогод орсон хүүг хүлээж аваагүйгээс амиа алдав ууБатсүмбэр сумын Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв. 2017.04.25 Амарболд хүү энэ сарын 10-ны орой 17:00 цагийн үед хичээл тарах үедээ бие нь тавгүй байгаа тухайгаа ангийнхаа багшид хэлж, бөөлжиж эхэлсэн гэнэ. Үүнийхээ дараа сургуулийнхаа эмчид хандахад эмч түүнд халуун бууруулах эм буюу парацетомол өгчээ. Хүү эмийг уугаад зүгээр болоогүй гэнэ. Улмаар дотуур байрандаа ирээд оройжин халуурчээ. Сургуулийн эмч дотуур байранд байрладаг тул хүү дээр нэг удаа эргэж очоод халуун бууруулах тариа хийчихээд гарчээ. Ийн тариа хийсэн ч хүүгийн халуун буурахгүй, бөөлжсөөр байжээ. Хүү шөнөжин уйлж, ахыгаа тэвдүүлж хоносон байна. Мөн нөгөө хоёр дүү нь ч бөөлжин, халуурч том ахыгаа сандаргаж хоножээ. Том ах нь есдүгээр анги. Харин нөгөө гурав нь 1, 3, 4 ангид сурдаг, дэрсхэн өссөн ах дүүс аж. Сургуулийнхаа эмчид хандахад эмч түүнд халуун бууруулах эм буюу парацетомол өгчээ. Ингээд өглөө нь Амарболдыг хичээлдээ ирээгүй болохоор нь ангийн багш нь сураглахад ах нь дүү нараа дагуулаад сумынхаа эмнэлэг рүү явсан байж. Харж харгалзах том хүнгүй гурван жаахан дүүгээ дагуулан ах нь Батсүмбэр сумынхаа Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв дээр ирсэн ч “Эмч нар завгүй, ажилтай байна” гээд тэднийг хүлээж аваагүй гэнэ. Энэ тухайгаа том ах нь сургуулийн удирдлагуудад ярьжээ. Сумын эмнэлгийнхэн хордлогод орсон сурагчдыг яагаад хүлээж аваагүй тухай тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга н.Батмөнх болон эмч нараас тодруулахад “Тэд манайд ирээгүй, хараагүй” гэх тайлбар бидэнд өгсөн юм. Гэтэл тэднийг сумынхаа эмнэлэг дээр очиж, тусламж хүссэн гэдгийг сургуулийн багш нар, дотуур байрны сурагчид ч баталж байв. Үнэхээр сумын эмнэлгийн эмч, ажилчид хүүхдүүдийг анзаараагүй юу, эсвэл том хүнгүй явсан болохоор нь тоохгүй өнгөрөв үү. Ямар байлаа ч өвдсөн, зовсон хүнд гар сунгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нь эмч, эмнэлгийн байгууллагынхны үүрэг, өргөсөн тангараг нь билээ. Сумын эмнэлгээс хорлогод орсон сурагчдыг хүлээж аваагүй тул том ах нь гурван дүүгээ дагуулаад хот руу явахын тулд өдрийн 14:00 цагийн галт тэргийг хүлээжээ. Ийнхүү сумын эмнэлгээс хорлогод орсон сурагчдыг хүлээж аваагүй тул том ах нь гурван дүүгээ дагуулаад хот руу явахын тулд өдрийн 14:00 цагийн галт тэргийг хүлээжээ. Нэг дүү нь /талийгаач/ халуундаа шатаж, зогсоо зайгүй бөөлжиж, гүйлгэж байсан учраас тэдэнд үүнээс өөр сонголт байгаагүй аж. Ингээд тэд энэ сарын 11-ний 11:00 цагийн үед дотуур байрнаасаа гарч, гурван цагийн турш галт тэрэг хүлээжээ. Тэднийг хот руу ирэхэд сургуулийн эмч, нийгмийн ажилтан болон ангийн багш нараас хэн нь ч хамт яваагүй байна. 14 настай ах нь л хүндээр өвдсөн дүү нараа арчлаад 90 киллометрт цаг гаруй хугацаанд сандарч, тэвдэн явсаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр иржээ. Гэвч мөн л тэднийг тус эмнэлгийнхэн “Халдварын шинжтэй байж магадгүй. ХӨСҮТ яв” гээд буцаасан байна. Ийн ах нь ХӨСҮТ рүү гурван дүүгээ дагуулан автобусаар явж байх үед гуравдугаар ангийн дүүгийнх нь бие эрс муудаж, буцаад өнөөх эмнэлэг дээрээ ирсэн байна. Харамсалтай нь хүү Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр буцаж ирээд, удалгүй амьсгал хураажээ. “Арай эрт эмнэлгийн тусламж авсан бол.... гэж харамсаж, халагласан зарим нь өнөөдөр хаа хаанаа хариуцлага алдсан тухай бидэнд ярьсан юм. -Амарболд “БИЕ ӨВДӨӨД БАЙНА” гээд УЙЛААД байсан- Хэргийн мөрөөр: Эмч нар хордлогод орсон хүүг хүлээж аваагүйгээс амиа алдав уу Тэгвэл хүү хэзээнээс өвдөж эхэлсэн бэ. Түүнд тусламж үзүүлж, аврах цаг байсан уу. Бид талийгаачийн ангийнхан болон ангийн багшаас нь хүү тэр өдөр анги дээрээ ямар байдалтай байсныг тодрууллаа. Хүү Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3а ангид сурдаг байжээ. Тэрээр гуравдугаар салааны эхнээсээ хоёр дахь ширээнд суудаг байж. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд Амарболдын анги дөрвөн цагийн хичээлтэй байсан аж. Сурагчид үдийн цайгаа өдрийн 15.00 цагийн орчимд иддэг бөгөөд эхний хичээлийн цагуудад Амарболд бусад хүүхдийн адил хичээлээ хийгээд сууж байсан талаар ангийн багш Ц.Нямзаяа ярьсан юм. Тэрээр “Амарболд бусад хүүхдийн адил хичээлээ хийгээд, хичээлдээ урьдынхаараа оролцож байсан. Үдийн цайгаа ч ямар нэгэн асуудалгүй идчихсэн. Би сүүлийн цагийн хичээл ороод тарах үед хүүхдүүдээ шалгасан юм. Тэгтэл Амарболд “Багшаа бие өвдөөд, дотор муухай оргиод байна” гэж хэлээд сургуулиас гарч явах замдаа бөөлжиж эхэлсэн. Гүйж очоод, биеийн халууныг нь үзтэл дух нь бүлээн, нуруу хэсгээрээ нэлээд халуунтай байсан юм. Тэгээд сургуулийн эмч дээр дагуулан орж, үзүүлсэн” хэмээв. Мөн “Амарболд маань балаа яасан бэ” гээд асуухад “Багшаа ах маань өглөө хичээлдээ хэрэглэх гээд аваад явчихсан” хэмээн бор амьдралаа хэнээс ч нуухгүй хэлчихдэг шударга яриатай хөөрхөн хүү байсан. Сууж байсан ширээ, сандал нь эзгүйрээд байхаар нь ард нь суудаг хүүхдийг урагш нь шахаад суулгачихсан юм” хэмээн тэрээр шавиа дурсан хоолой зангируулан өгүүллээ. Харин Амарболдын ширээний найз хүү “Тэр өдөр Амарболд үдийн цайгаа зүгээр л идсэн. Бид нар будаатай хуурга идсэн юм. Сүүлийн цаг дээр монгол хэлний хичээл орж байсан чинь Амарболд бие өвдөөд байна гээд уйлаад байсан” хэмээн найз нь ярьсан юм. Энэ хэрэг алслагдсан бөглүү суманд гараагүй. Хүүг өвдсөн орой л түргэн тусламж дуудаж, холбогдох эмнэлэгт нь хүргэж, хордого тайлах арга хэмжээ авсан бол тэр өнөөдөр амьд сэрүүн ... Гурван ахтайгаа хөтлөлцөөд, найзуудтайгаа тоглоод гүйх байж. Ямартай ч бодит байдал ийм байна. Гэхдээ шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа холбогдох яам, тамгын удирдлагууд хэрхэхээ шийдэх биз ээ. Дашрамд, Талийгаачийн дүү нь ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол дөрөвдүгээр ангийн ах нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад, эмнэлгээс гарсан байна. Ар гэрийнхэн нь талийгаач Амарболд хүүг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2017.04.17/ хөдөөлүүлжээ.