Thursday, April 20, 2017

Толгойтын өртөөнд хоног төөрүүлж явсан бүсгүй хашаа байшинтай боллоо

Бөөрний өвчтэй хэмээн оношлогдсоныхоо дараа нөхөртөө хаягдаж, хоёр охинтойгоо гэрийнхээ буурин дээр орхигдож, Толгойтын өртөөнд хоног төөрүүлж явсан Г.Цагаандарь бүсгүй сайхан сэтгэлт монголчуудынхаа ач буянаар эдүгээ хашаа байшин, шинэхэн таван ханатай гэртэй болжээ.  
 
Өнөөдрөөс яг сарын өмнө тэрбээр хоёр охиноо дагуулан Толгойтын өртөөнд хоног төөрүүлж явахад нь  “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус уулзаж, түүнд туслах хандивын аяныг орон даяар эхлүүлсэн юм.  
 
Энэ хугацаанд хандивын дансанд 15 сая гаруй төгрөг цугларсан бөгөөд ард түмний хандиваар цугларсан уг мөнгөөр “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус Г.Цагаандарь болон түүний бяцхан охидод хашаа байшин худалдан авч, засварлан өнөөдөр хүлээлгэн өглөө. 
 
Харин “Хужирт Эко гэр” ХХК-ий хамт олон түүнд шив шинэ таван ханатай гэр бэлэглэсэн байна. Түүнчлэн ХСИС-ийн 100 сонсогч хашааны ойр орчмын хогийн цэвэрлэж, хашаа байшинг нь засварлахад тусласны зэрэгцээ ИНЕГ бүсгүйг ажлын байраар хангасан билээ. Энэ мэтээр тал талын хүчин зүтгэл, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжаар бүсгүй өвчнөө эмчлүүлээд зогсохгүй орох оронтой болоод байна. 
 
Б.Даваа