Малчдын орлогыг өсгөх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд арилжааны банкуудын эх үүсвэрээр өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг орон нутгаас мах бэлтгэхээр шийдвэрлэсэн. 12 аж ахуйн нэгж малчдаас 15 мянга гаруй тонн мах бэлтгэснийг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын хаврын хэрэгцээнд нийлүүлж эхэлжээ.
Тэд Улаанбаатарын зургаан дүүргийн 108 дэлгүүр, Дархан-Уулын 18, Орхон аймгийн худалдааны 21 цэгээр үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааныхыг 4400 төгрөгөөр худалдаж байгаа аж. Нийслэлийн Статистикийн газраас гаргасан дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулахад энэ нь 9.7-38 хувиар хямд үнэ юм байна.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн баасан гаригт махны борлуулалтын үйл явцтай танилцсан бөгөөд энэ үеэр “Баатрууд тэнгэр” ХХК-ийн ерөнхий менежер Э.Онон “Манай компани энэ жил 1700 тонн мах бэлтгэсэн. Бэлтгэсэн махаа 15 дэлгүүрээр борлуулж байна. Цаашдаа борлуулалтын цэгээ нэмнэ” гэлээ.
Махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд бэлтгэсэн махны чанарыг мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр баталгаажуулан иргэдэд нийлүүлж байна. Махны худалдаа эхлэхээс өмнө хүнсний захуудаас хийсэн судалгаанд үндэслэн үнийг нь тогтоосон.
Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд мах худалдаанд гаргахдаа бэлтгэн нийлүүлэгчдэд үйл ажиллагааны зардал гэж нэг кг тутамд 1000 төгрөгийн төлбөр олгодог байсан. Энэ жил компаниуд арилжааны банкуудаас зээл авч, мах бэлтгэхээр болсон” хэмээн ярьсан юм.