Ичгүүрээ алдсан Монгол охидын “Энгэрийг хумих” бодлого үгүйлэгдэж байна

өндүүр сэдэв “Охид ариун бол төр ариун” гэж үг бий. Үгийн үндэс язгуурыг ухахаасаа илүүтэйгээр өдгөө цагт үүсэн бий болсон нөхцөл байдал дээр тулгуурлан үзвэл “Төр ариун бол охид ариун” хэмээн урвуугаар нь тодотгомоор болж. Ийн хэлэхийн учир нь бас л монголчуудын мэргэн ухаанаас гарсан зүйр үгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Өдгөө Азийн орнуудаар тарж, тэр ч бүү хэл хөл сунган Европын холбооны улсуудаар таран “ажиллаж “ буй биеэ үнэлэгч, порно од болсон Монгол охидыг зэмлэж хэмлэх үү аль эсвэл өмөөрөх үү гэдэг асуудал асуултын тэмдэг болон хувирчихаад байна. Нөгөө л цэвэр ичимтгий гэх тодотголтой цөөхөн хэдэн монголчууд маань “Өмөөрнө” гэж хэлбэл ёстой л “Эвэртэй туулай” үзсэн мэт сэжиглэн “Түй цаашаа” гэх байлгүй. Харин харааж зүхэж эхэлбэл алгаа ташин дэмжих нь гарцаагүй. Гэвч тэднийг буруу замаар будаа тээхэд хүргэсэн шалтгаан нь манай төрд байна. Тодорхой хэлбэл ичгүүр сонжуураа алдсан Монгол охидын “Энгэрийг хумих” бодлого үгүйлэгдэж байгаагийн тод илрэл. Гэхдээ шууд утгаар нь хэлж, “Энгэрийг нь хумина” гэвэл “Хүний эрхэнд халдсан, боосон боомилсон” гээд л чамгүй эсэргүүцэл ирэх нь гарцаагүй. Харин гадаадад ажиллахаар, амьдрахаар, сурахаар явсан бүсгүйчүүдээ захих захиасыг хуульчилбал асуудал бага ч атугай хөнгөрөх биш үү. Тухайлбал, садар самууныг сурталчилсан нүцгэн шалдан зураг зориулаар авахуулахгүй, порно кинонд тоглохгүй, биеэ үнэлэхгүй гэх зэргээр Монгол улсын нэрийг муугаар “цуурайтуулсан” тохиолдолд авдаг арга хэмжээг хууль дүрэмээр зохицуулахгүй бол утаа уушигладаг, угаар ханхлуулдаг, хогондоо дарагдаж, хахуульд идэгдсэнээрээ дэлхийд тэргүүлээд байгаа өнөө муу Монгол улс маань жинхэнэ утгаараа сүүл мушгих дээрээ тулжээ. Ийн хэлэхийн учир нь гадаадын по... сайтуудад нүцгэн шалдан зургаараа алдаршиж бүр “Монгол по... од” гэх нэртэй болсон бүсгүйчүүд, гадаадад ажиллаж амьдарч байгаа гэх нэрийн дор нүцгэнээр зөөгч хийн амьдарч байгаа охид чинь Монгол гэх зургаахан үсэгтэй бурхан нэрийг чинь шалны алчуур болгож гүйцлээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөө нам хооронд, байгууллага хооронд, ажилчид хоорондоо дайсагнан тэмцэлдэж байгааг ажвал Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн “Хөнжилдөө орох завгүй Хөвчилдөн тулалдаж, Орондоо орох завгүй Орчилдон тэмцэлдэж” байгаа төрийн албаныханд хийх ажил багадаагүй байлтай. Наад захын асуудал нь дээрх эрх чөлөөгөө эрэмгийгээр эдлээд байгаа охид бүсгүйчүүдээ “хазаарлах” асуудлыг “Хүний эрхэнд халдахгүйгээр” хөндүүр сэдэв болгон шийдэх, бодлого боловсруулах цаг тулаад байгаа бус уу. Үнэхээр төр засгийн эрхийг барьж байгаа түшээд суудлаа олохгүй албан тушаалын төлөө хэмлэлдэн зүтгэж байх хойгуур доодос нь гүйдлээ олохгүй биеэ үнэлэхээс өөрөөр амьдарч чадахаа байчихсан нийгэмтэй бид нүүр тулан амьдарч байна. Өдгөө иргэнийхээ, ирээдүйнхээ, охидынхоо, олон түмнийхээ язгуур эрх ашиг болсон тусгаар тогтнолыг дархлаажуулах цаг болсон гэдгийг гадаадын сайтуудад “Монгол по... од” нэрээр алдаршаад байгаа охидын зураг бэлээхэн сануулж байна. Энэ бүхнээс харахад “Эх орны тусгаар тогтнол эхийн умайгаас эхэлдэг” гэх үг оргүй биш бололтой.