Хэнтий аймагт зургаан иргэн өчигдөр /2017.04.25/ архинд хордож, нэг иргэн нас барсан хэрэг гарсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Архинд хордсон таван иргэнийг нийслэл рүү яаралтай хүргэж, одоо хордлого тайлах эмчилгээ хийж буй аж. Хэргийг харьяаллын дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Мөн дээрх иргэдийг ямар архинд хордсоныг тогтоохоор ажиллаж байна гэлээ.
Уг нь Хэнтий аймагт сар бүрийн 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог аж. Гэтэл дээрх иргэд нууцаар архи худалдан авч уусан байна. Архинд хордсон иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа тул аймгийн засаг дарга захирамж гаргаж, архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.
ЦЕГ-аас “Хэрлэн сум 2-р баг .... тоотод суух Г.Л /эр.58н/ аймгийн нэгдсэн эмнэлэгт архины хордлого оноштойгоор эмчлэгдэж байгаад нас барж, мөн сумын харъяат А.У хот уруу эмчлэгдэхээр явсан, Б., Ц.Г нар эмчлэгдэж байгаад эмнэлгээс гарсан, Д.Л аймгийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэн эмчлэгдэж байгаа” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 25-ны 19:20-д авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалгаж байна.
Д.УУДАМ