Согтуу жолоочоос болж 10 сартай хүүхдийн амь нас хохиров
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд хэд хэд гарчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарчээ. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Тиймээс жолооч нартаа замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг тээвэрлэж явахдаа хамгаалах бүс, зориулалтын хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.